top banner

Өмгөөлөгчдийн зардлаа төлөхийн тулд байшингаа зарахаар болжээ


2018-03-07 13:24:15
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн өмгөөлөгчдийн зардлаа төлөхийн тулд Виржиния муж улс дахь байшингаа зарах гэж байгаа тухай телевизийн “ABC” суваг мэдээлэв.
 
Түүний байшин 895 мянган ам.доллароор үнэлэгдэж байгаа аж. М.Флинн өмнө нь өөрийн төрсөн нутаг болох Род-Айленд муж улсын Миддлтаун хот руу нүүсэн байна.
 
ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болохоос өмнө холбоо барьсан талаараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенст бүрэн мэдээлэл өгөөгүйн улмаас М.Флиннийг өнгөрсөн оны хоёрдугаар сард огцруулсан юм.

Д.Трампын сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцсон хүмүүс Оростой холбоо тогтоосон байж болзошгүй гэх хэргийг мөрдөн шалгах асуудлаар  М.Флинний өмгөөлөгчид болон Роберт Мюллерийн тусгай прокурорын төлөөлөгчид шүүхэд М.Флинний хэргийг шийдвэрлэх хугацааны хуваарийн талаарх өөрсдийн саналаа өгөх ёстой байсан хэдий ч үүнийг шийдвэрлэх асуудал хойшлогдсон байна.
 
АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, тусгай прокурор Роберт Мюллерийн баг, Конгрессын төлөөлөгчдийн танхим болон Сенатын тагнуулын тусгай хороо мөрдөн шалгаж байгаа юм. Д.Трамп, түүний гол туслахууд өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр Оросын албан ёсны этгээдүүдтэй хууль бус харилцаатай байгаагүй гэж нэг бус удаа мэдэгдээд байсан билээ. ОХУ-ын эрх баригчид ч мөн ийм харилцаа холбоотой байсныг няцаагаад байгаа юм. 
 
Э.Аянзаяа  


Монгол брэнд