top banner

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэлэлцэв


2018-03-07 11:58:57
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн хэмжээнд дүүрэг бүр замын хөдөөлгөөний аюулгүй байдлын анхдугаар зөвлөлгөөнөө хийж байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ-ХАМТДАА ШИЙДЬЕ” анхдугаар зөвлөлгөөн өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Зөвлөлгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан нарын нийслэл болон холбогдох яам агентлагийн төлөөлөл, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын засаг дарга, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд судлаачдыг оролцуулан ярилцлага өрнүүлэв.

Уг зөвлөлгөөн нь зам тээврийн хэрэг, осол, авто замын түгжрэл, замын зохион байгуулалт болон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн захиргаа, үйлчилгээ, хууль сахиулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад чиглэсэн бөгөөд зөвлөгөөнд оролцсон байгууллагуудын хариуцлагатай үүрэг хүлээсэн удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач нарын хийсэн мэдээлэл, гаргасан санал, судалгаа, дүгнэлтийг үндэслэн “Зөвлөмж” боловсруулан, дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтэд хүргүүлэв.

Зөвлөлгөөнд оролцогчдоос “Бид бүхэн нэг ч гэлтгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтдаа шийдэж чадвал үр дүн гарч, амар тайван нөхцөлд амьдрах боломж бүрдэх юм” хэмээгээд зөвлөмжийг иргэн бүр  хэвшүүлэхийг уриаллаа.


Ж.Батсайхан


Монгол брэнд