top banner

ЮНЕСКО-гийн өвд бүртгэсэн гурван өвийн батламжийг гардууллаа


2018-03-06 13:01:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-гийн Байгалийн болон Соёлын өвд бүртгүүлсэн Монголын гурван өвийн батламжийг өнөөдөр БСШУСЯ, БОЖЯ-нд гардууллаа.

Өнгөрсөн онд Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын Ландшафт”, Соёлын биет бус өвийн жагсаалтад “Уул овоо тахих Монгол зан үйл”-ыг бүртгүүлсэн бол “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад оруулсан юм.



Батламжийг өнөөдөр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нарт гардууллаа. Мөн батламжийн хувийг Үндэсний төв архивын газар, Монголын үндэсний музей, Төрийн түүхийн музей, Үндэсний номын санд хадгалуулав. Энэ үеэр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар, “ЮНЕСКО нь дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улс ч өөрийн түүх соёл, өв уламжлал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаа хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ чиглэлд идэвхтэй ажиллах болно. Бид бүхий ажилд гүн дэмжлэг үзүүлдэг судлаачид, эрдэмтэн мэргэдэд талархал илэрхийлж байна” гэлээ.

Монгол Улс, ОХУ хамтран өнгөрсөн оны долдугаар сарын 07-нд “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн. ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь  ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар,  Чулуунхороот,   Баяндун сумдын  нутагт байрлаж буй юм. “Дагуурын ландшафт” нь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газартай бөгөөд цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу зэрэг 236 зүйлийн шувуу, хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн  амьтан, 236 зүйлийн дээд ургамал багтсан иж бүрэн экосистем юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 06-нд болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэхүү өвийг бүртгүүлэхийн тулд манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүд 7 жил судалгаа явуулсан бөгөөд Монгол Улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх соёлын биет бус өв болсон юм. Уул, овоо тахих нь нэг талаас байгалийн онгон дагшин байдал, нөгөө талаас ард түмэн дунд урт хугацаанд хадгалагдаж ирсэн ёс заншил, зан үйл зэргийг агуулж байдаг. Иймээс"Уул овоо тахих Монгол зан үйл" нь байгаль болон соёлын хосолмол өв юм.

1924 онд “Монгол шунхан Данжуур”-ын 226 ботийг Монгол улсын нийслэлд залсны дурсгалд зориулан Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүний захиалгаар тус хүрээлэнгийн ажилтан Н.Дэндэв “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г урласан байна. Энэхүү бүтээлийг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтат оруулсан юм. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүн “Монгол шунхан Данжуур”-ыг Монголд үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг Наянт вантай байгуулсан байна. “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-нд дээрх гэрээг сийлэн үлдээсэн бөгөөд хөшөөний оройн хэсгийн хээ угалзыг 13 см хүртэл гүн ухаж, сууринд нь бадамлянхуа цэцэг дүрсэлжээ. Хөшөөний суурийн урт 71 см, өргөн 38 см бөгөөд өндөр нь 248 см юм. Хөшөөний зүүн дээд хэсэгт Сэцэн чин ван Наянт гүний тамга, баруун дээд талд Ардын гэгээрүүлэх яамны тамгыг сийлж, ар талын доод хэсэгт “Дэндэв урлав. 1929 он” хэмээн сийлсэн байдаг аж. Дэлхий нийтэд ном зохиолд зориулсан энэ төрлийнм хөшөө ховор байдаг тул ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэн авсан байна.


Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ЮНЕСКО-гийн дэлхийн өвд тав, Соёлын биет бус өвд 14, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвд таван өв бүртгүүлсэн байна. 2019 онд “Хөхүүрийн айраг”-ийг Соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгааг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга хэллээ.



Мөн үеэр ЮНЕСКО-гийн эрхэм зорилгыг Монгол Улс даяар хэрэгжүүлж, олон нийтэд сурталчилан таниулахад үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга асан, доктор Х.Бэхбат, Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цахилгаан, “Байгаль болон соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн, Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Уртнасан нарыг “ЮНЕСКО-гийн Үндэсний элч”-ээр өргөмжиллөө.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд