top banner

Банк болон ББСБ-ууд


2018-03-01 16:38:59
Зураг
Арилжааны банкнуудын үндсэн үүрэг нь  улсын эдийн засгийг тэтгэхэд оршино гэж сонгодог утгаар нь авч үздэг юм байна. Монголын арилжааны банкнууд энэ үүргээ биелүүлж байгаа юу, үгүй юу  гэдэгт мэргэжилтнүүдийн  хувьд өөр өөр байр суурьтай  байдаг. Нэг хэсэг нь арилжааны банкнууд үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гэх. Тэдний хувьд банкууд зөвхөн өөрөө томрох үйл ажиллагаа явуулдаг гэсэн тайлбар хийнэ. Харин нөгөө хэсэг нь арилжааны банк эрэсдэл даах чадвартай болохын тулд одоо явуулж байгаа бодлого үйл ажиллагаа нь зөв гэх жишээний.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбогдуулан арилжааны банкнуудад 2017 онд хөндлөнгийн аудит хийхээр болсон юм. Гэхдээ Монголбанк аудит буюу активын чанарын үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий байгууллагаар хийлгэхээр ОУВС-тай тохирсон байдаг. Сонгон шалгаруулалтыг  тендерийн тухай хуулийн хүрээнд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр  зар түгээж Чех улсад бүртгэлтэй PwC компани болзол хангаж уг үнэлгээг хийхээр болсон билээ.  Түүний дүн  саяхан гарч олон нийтэд танилцуулагдлаа. Европын хэд хэдэн оронд PwC нь ийм  үнэлгээг хийсэн туршлагатай компани  хэмээн  Монголбанкны удирдлага тодорхойлсон байна.

Шалгалтын дүнгээр банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай гарчээ. Активын чанарын үнэлгээ нь тухайн банкинд өөрийн хөрөнгийн дутагдал ямар хэмжээнд байна вэ гэдгийг тодорхойлох зорилготой хийгддэг үнэлгээ юм байна. Харин активын чанарын үнэлгээний гарсан дүнг Монголбанк боломжтой гэж хэлж байгаа ч зарим судлаачид сул үнэлгээ өгч байна.
 
Гэхдээ активын чанарын үнэлгээний дүн гарсантай холбогдуулан төв банкнаас арилжааны банкнуудад хувь нийлүүлэгчийн өөрийн хөрөнгийг энэ онд багтаан 100 тэрбум болгох үүрэг өглөө. Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоохоор шийдвэрлэсэн байдаг.  Энэ шийдвэрийг өөрчилж наашлуулах болсон нь судлаачдын арилжааны банкнуудад өгч байгаа үнэлгээг зөв гэж хэлэх магдлал өндөр болголоо.

Нөгөө талаар төлбөр түргэн гүйцэтгэлийн хувь 45 байгаа нь бусдын анхаарлыг маш их татлаа. Монголчууд 50 хувь байхыг алтан дундаж гэж үздэг.  Үүнийг хүзүү хуваах ч гэж ярьдаг. Тэгвэл хадгаламж авах иргэн, аж ахуйн нэгжүүд, тэдний анхны шаардлагаар бэлэн мөнгө гаргах үүрэгтэй банкны түргэн төлбөр гүйцэтгэх чадвар хоёр 50: 50 байж чадахгүй  байгаа бололтой. Гадны аудитийн хийсэн шалгалтын дүнгийн өнгөн хэсгийг  иргэдэд танилцуулахад ийм байв. Харин үүнээс цааш ямар нэг мэдээлэл өгөх нь хуульд нийцэхгүй гэж Монголбанкны  хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан хэлсэн байх юм. “Хонь бүрэн чоно цатгалан” гэдэг шиг доголдол, дутагдал банкнуудаас хол байгаасай гэж ерөөе.

Банкны талаар ийм мэдээлэл цагдаж байгаа өдрүүдэд  Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын талаар таатай мэдээ цацагдаж байна. Тухайлбал 2017 онд санхүүгийн зах зээлд нийт 534 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдний 90 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлж ( банкны үүрэг гүйцэтгэж байна) байгаа аж.Үүнийг ганцхан жишээнээс харж болно.  2017  онд  тус салбарын хөрөнгө 969.2 тэрбум төгрөгт хүрчээ. Бий болсон хөрөнгийн хэмжээг өмнөх онтой харьцуулахад 23.1 хувиар өссөн байна. ББСБ-уудын активын бүтэц дэх зээлийн өсөлт нийт  хөрөнгийн өсөлтийн 88  хувь байгаа аж. Энэ бол хялбаршуулсан банкны үйлчилгээг тэд иргэдэд үзүүлснийг гэрчилнэ. Тус салбарын энэ өсөлт тэдэнд  13 хувийн өсөлт буюу 67 тэрбум төгрөгийн ашиг авч иржээ. Гэхдээ банкнууд зээлдэгчээ ББСБ-ынханд алдсан мэт дүр төрх харагдаж байгаа юм гэсэн гэнэн дүгнэлт хийж болохгүй гэнэ. Харин өнгөрсөн жилүүдэд банкнууд бизнесийн бусад салбарт тухайлбал, уул, уурхай, барилгын салбарт түлхүү оролцсон нь ийм байдалд бакнуудыг хүргэсэн байх магадлалтай гэж зарим эдийн засагч хэлж байгаа юм.

Санхүүгийн салбарын нэг нь нөгөөгөө нөхөж байх хоёр хэрэгслийн 2017 оны үйл ажиллагааг өнгөц харахад ийм байна. Харин нь өнгийж харвал цаана нь юу байгааг энэ салбарынхан бусдад хэлээд өгөх болов уу?
                                                                                                                                                                             Г.Эрдэнэбат

Монгол брэнд