top banner

С.Батболд: Нийслэлийн 160 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангаж утаа бууруулна


2018-02-28 16:22:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын тэн хагас нь амьдарч буй нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах арга замыг эрэлхийлэх “Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлэг “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд болж байна.

Блумберг ТВ Монголиа телевиз НЗДТГ-тай хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлгээр “Цэвэр агаар-шинэ төлөвлөлт”, “Цэвэр агаар- Монголд үйлдвэрлэв”, “Цэвэр агаар-Хүртээмжтэй санхүүжилт”  сэдвийг хөндөж байна.

Жилдээ 20 мянган өрхийг цахилгаан халаагуураар хангах боломжтой гэсэн судалгааг НЗДТГ-аас гаргажээ. Нийслэлийн нийт өрхийг цахилгаан халаагуураар хангахын тулд 10 жил зарцуулах бөгөөд энэ хугацааг хүлээлгүйгээр шийдэлд хүрэхийн тулд түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр солино хэмээн хотын удирдлагууд хэллээ.

Хотын дарга С.Батболд ярихдаа, “Шөнийн цахилгааны тарифыг хөнгөлсөн ч цахилгааны зардал өндөр байгааг иргэд хэлдэг. Түүнчлэн цахилгаан халаагуурууд өндөр үнэтэй байна. 2018-2019 онд 40 мянган өрхийг цахилгаан халаагууртай болгоё гэж бодоход  цаана нь 160 мянган айл үлдэж байгаа. Тэгэхээр сайжруулсан түлшний асуудалд анхаарал хандуулах нь зөв шийдэл юм. Үнэндээ өмнөх 4 жилд зуух тараасан ч амжилт олоогүй. Утааг бууруулсан орнуудын туршлагаас харахад эхлээд сайжруулсан түлшийг хэрэглэсэн байдаг. Улаанбаатар жилдээ 1 сая 200 тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Үүнийг 600  мянга орчим тонн сайжруулсан түлшээр солих боломжтой. 160 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах ажилд  НЗДТГ, БОАЖЯ, Түлш эрчим хүчний яам хамтран ажиллаж байна. Өнөөдөр 20 орчим аж ахуйн нэгж сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Эдгээр үйлдвэрүүд жилд 300 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн судалгаа гарсан. Тиймээс дээрх үйлдвэрүүдийг нэгтгэн консорциум болгож  сүлжээ үүсгэснээр 300 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Харин үлдсэн 300 мянган тонн түлшийг ДЦС-2-ыг түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрээс гаргана. Тус үйлдвэр туршилтаа хийгээд эхэлсэн. Тавантолгой компани 2 сая тонн эрчим хүчний нүүрс үнэгүй өгье гэсэн. Эндээс сайн чанарын нүүрс гарах байх. Гол нь тээвэрлэлтийн асуудлыг шийдэх нь чухал. Эсвэл газар дээр нь очиж сайжруулсан түлш үйлдвэрлэж нийслэл рүү тээвэрлэх үү гэдгийг тооцож аль нь бага хөрөнгө зарахыг сонгоно. Өнөөдөр иргэд 100 орчим мянган төгрөгөөр түүхий нүүрс худалдан авч байна.  Тиймээс сайжруулсан түлшийг түүхий нүүрсний үнэтэй ижил ханшаар борлуулах шаардлага гарч ирнэ. Энэхүү үнийн зөрүүг татаас хэлбэрээр шийдэх боломжтой. Үүнд 70 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гараад байна. Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд төсвөөс энэ мөнгийг гаргахаас өөр аргагүй юм. Дээрх түлшний консорциум нэг стандартаар түлш үйлдвэрлэхээс гадна нийлүүлэлтээ өөрсдөө гүйцэтгэнэ. Хот сайжруулсан түлш хадгалах агуулахын газрын асуудлыг шийдэж өгнө.  Энэ зундаа багтааж үйлдвэрлэл явуулах бэлтгэл ажлыг хангах, туршилт хийх ажлыг яаравчлуулна” гэв.

Утааг бууруулахад сайжруулсан түлш нэг шийдэл бол дэд бүтцийн асуудлыг нийслэл орхигдуулахгүй ажиллах юм байна. Тухайлбал нийслэлийг  гурван бүсэд хувааж хөгжүүлэх аж. Гэр хорооллын суурьшлын хэсгийн дундын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай нам болон дунд давхрын орон сууц барихаар төлөвлөжээ.  Харин "Дэд бүтцийн төв"  нь дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэргийг нэг дор цогцоор нь шийдвэрлэх бөгөөд  эхний ээлжинд 11 байршил сонгон төлөвлөгөө боловсруулжээ. Мөн захын бүсийн гэр хорооллыг  технологийн бүсэд хамруулах аж. Уулын оройд амьдарч буй өрхүүдэд сүүлийн үеийн технологийг  ашиглах замаар дэд бүтцийн ажлыг хийх юм байна. Дахин төлөвлөлтийн 24 байршилд эхний хагас жилд 800 орчим айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Бичил 6 дугаар хорооллын арын гэр хороололд 196 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгааг албаныхан хэллээ. 

Харин хэлэлцүүлэгт оролцогсод ийнхүү ярьж байна.

Хүйтний үе 4 сар үргэлжилдэг. Утааг богино хугацаанд арилгах бүрэн боломжтой. Хотын гэр хорооллын дийлэнх өрхүүд бүрээс, дулаалга муутай байдаг. Иймд зуух, сайжруулсан түлш өгөөд шийдэлд хүрэхгүй. Үүний оронд гэр хорооллыг хатавч, шалнаас халаадаг системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Нар салхины энергийг ашиглан малчид аккумлятор цэнэглээд орой нь цахилгаан гаргадаг. Үүн шиг хотын өрхүүд дулаанаа шийдэх боломжтой. 

Утаа гаргадаггүй түлш гэж байхгүй. Тодорхой хэмжээгээр утаа гарна. Түлшний дулааны хэмжээ өндөр шаталттай. Тиймээс жирийн зуух өндөр шаталтыг  даах уу гэдгийг нийслэлийнхэн судалсан уу. Жирийн зуухны ширэм нь хайлаад гаргаад хаясан хэд, хэдэн айлуудтай таарч байсан гэдэгт Хотын дарга С.Батболд, Огт утаа гаргахгүй  шийдлийг хайна гэвэл хийгээр халаалтаа шийдэх шаардлагатай. Гэтэл ийм нөхцөл бий болгоход  монголчууд бэлэн биш байгаа учраас сайжруулсан түлшийг нэвтрүүлэх гээд байгаа юм хэмээн хариулав.

Айл, өрхийг боловсруулсан түлшээр хангаснаар нийслэлийн агаарын бохирдол 50 болон түүнээс дээш хувиар буурах боломжтой гэж үзэж байгаа аж. Улмаар нэг өрх 2,5 тонн сайжруулсан түлшээр өвөлжих боломжтой гэсэн судалгаа гарчээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж  чадахгүй бол хүүхдийн өвчлөлийг анагаах зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэх тооцоо гарсан байна. Өнгөрсөн онд агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлийг эмчлэхтэй холбоотой зардал 11.3 тэрбум төгрөгт хүрчээ.

Б.Заяа

Монгол брэнд