top banner

Нефтийн үнэ 80 доллароос давж магадгүй


2018-02-27 11:59:07
Зураг
2018 оны 1 дүгээр сарын 24-25-нд Брент маркийн нефтийн үнэ 70 долл/баррелиас давлаа. Энэ бол 2014 оноос хойших хугацаанд газрын тосны үнэ ийм өндөр түвшинд хүрсэн анхны тохиолдол юм. Үүнээс үүдэн нефть олборлох салбар хямралын мөчлөгөөс гарчээ гэж дүгнэж болох уу?

Эргэн сануулахад, 2015 онд Брент маркийн түүхий нефтийн үнэ 35 долл/баррель болж буурсан нь “ёроолын цэг”-тээ хүрч унасан хэрэг байжээ. Эдийн засгийн аливаа процесс нь тодорхой мөчлөгтэйгээр өгсч, уруудаж явагддаг учраас үнийн өсөлт эхлэхийн өмнө тухайн бүтээгдэхүүний үнэ ямартаа ч “ёроолын цэг” гэгдэх  хамгийн доод түвшинд хүртэл унасан байх учиртай. Тэр цэг нь 35 доллар болж таарав. Тухайн үед нефтийг “хар алт” гэж өргөмжлөн нэрлэхээ бараг больчихоод байв.

Газрын тосны үнийг уруудахад хүргэсэн 4 үндсэн шалтгаан байсныг дурдъя. Үүнд, нэгдүгээрт, ОПЕК-ийн гишүүн орнууд тухайн үед нийлүүлэлтээ нэмэгдүүлж байсан, хоёрдугаарт, АНУ занарын нефтийн нийлүүлэлтээ өсгөсөн, гуравдугаарт, Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ цуцлагдсанаар нийлүүлэлт өснө гэсэн хүлээлт бий болсон, түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан явдал юм.

2014-2015 онд нефтийн үнэ бараг 2 дахин унасан нь нийлүүлэлтийн илүүдэл бий болсонтой холбоотойгоос гадна ОПЕК-ийн гишүүн орнууд зах зээлд эзэлж буй байр сууриа алдахгүйн тулд хямдхан ч хамаагүй үнээр нефтиэ борлуулах хүсэлтэй байсан, олборлолтоо бууруулах талаар сонсохыг ч хүсэхгүй байсантай холбоотой.

Ер нь бол, нефтийн үнэ бүрэлдэх үйл явц олон хүчин зүйлээс хамаардаг билээ. Үүнд: эрэлт ба нийлүүлэлт, олборлож буй газрын тосны хэмжээ, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, янз бүрийн түвшний хэлцлүүд, экспортлогч оронд тавьсан хориг, дайн, террорист халдлага, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлүүд, олборлолтын өртөг, нефтийн төрөл марк, сэргээгдэх эрчим хүчний салбарын төлөв байдал зэргийг дурдаж болно.  Түүнчлэн, нефтийн үнэ нь улирлаас хамааран хэлбэлзэж байдаг. Тодруулбал, зуны дэлгэр цагт хүмүүс аялж зугаалах эрс ихэсдэг учраас бензиний хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг урьдчилан тооцсон нефтийн худалдаачид хаврын улиралд бүтээгдэхүүнээ нөөцөлж авдаг. Эрэлт дээд цэгтээ хүрсний дараа намар, өвлийн цагт үнэ эргээд буурдаг билээ.

Эдгээр олон хүчин зүйлс газрын тосны үнэд нөлөөлдөг учраас олон улсын байгууллагууд, улс орнуудын шинжээчдийн хийж буй таамаглалууд хоорондоо зөрөх нь олонтоо. Иймээс нефтийн үнийн таамаглалууд байнга л өөрчлөгдөж байдаг болой. Үнийн хэлбэлзлийг яг таг биш юм аа гэхэд “ханатай”-гаар урьдчилан хэлдэг байгууллага, шинжээч бараг байдаггүй.  

Тухайлбал, нефть олборлогч орнуудын байгууллага болох ОПЕК 2017 оны 10 дугаар сард таамаглал дэвшүүлэхдээ, нефтийн үнэ 2018 онд дунджаар 50-55 долл/баррельд хэлбэлзэнэ гэжээ.

ОУВС-гаас гаргадаг World economic outlook гэдэг тайлан илтгэлд 2018 онд үнэ 50,2 доллар байна гэж дурдсан боловч энэ оны 1 дүгээр сард уг таамаглалаа 59,9 доллар болгож өсгөсөн байх жишээтэй.  

Нефтийн үнэ нэмэгдсэн шалтгаанууд

Юуны түрүүнд ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо хязгаарлаж эхэлсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн. Тодруулбал, 2016 оны 11 дүгээр сард тус байгууллагын гишүүн орнууд олборлолтоо өдөрт 1,2 сая баррелиар бууруулахаар харилцан тохиролцсон билээ.
Үүнээс гадна, Ойрхи Дорнодод геополитикийн түгшүүртэй байдал улам даамжирч байгаа болон Венесуэльд олборлолт буурсан нь нефтийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.
Нефтийн үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн өөр нэгэн шалтгаан бол долларын ханшны өөрчлөлт /бууралт/ юм. Нефтийн худалдаа бүхэлдээ доллароор хийгддэг билээ. 2014-2015 онд валютын ченжүүд ханшийг 25 хувиар өсгөсөн нь нефтийн үнэ 2-3 дахин унахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Харин 2016 оны 12 дугаар сараас долларын ханш буурч эхэлсэн бөгөөд Европын эдийн засаг сайжирч эхэлснээр хөрөнгө оруулалтын сангууд доллароосоо салж эхэлжээ. Ингэснээр долларын ханш унаж, еврогийнх сэргэлээ.

Үнийн талаарх “орос таамаглалууд”

Оросын шинжээч Виталий Ермаковын хийсэн нэгэн дүгнэлт сонирхол татаж байна. Түүний үзэж байгаагаар, 2018 онд дэлхийн нефтийн зах зээлийн хувьд 100, 10, 70 гэсэн гурван тоо нэлээд гүнзгий утга учир агуулах аж.

Эхний тоо нь дэлхий даяар түүхэнд анх удаа өдөрт 100 сая баррель нефть хэрэглэдэг болно гэснийг илэрхийлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Олон улсын Эрчим хүчний агентлагийн (IEA) гаргасан мэдээллээр, 2017 онд дэлхий даяарх газрын тосны эрэлт хэрэгцээ өдөрт 97,8 сая баррель байсан аж.

Хоёрдахь тоо болох 10 гэдэг нь Америкийн нефть олборлогчид 2018 онд өдөрт 10 сая торх нефть олборлосноор дээд амжилт тогтоох төлөвтэй байгааг илэрхийлжээ.

Гуравдахь цифр болох 70 бол Брент маркийн нефтийн үнэ 2018 онд дунджаар 70 долл/баррель байх болно гэсэн таамаглал юм. Ермаковын үзэж байгаагаар, агуулах дахь нөөц буурсан, ОПЕК олборлолтоо багасгах тухай хэлэлцээрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт байгаа учраас үнэ нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ онд нэг торх нефтийн үнэ 65-75 долларын хооронд хэлбэлзэж, дундаж нь 70 доллар орчимд байх бололтой.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хэрэгцээт шатахууны ихэнхийг нийлүүлдэг Оросын “Роснефть” компани 2022 он хүртэлх стратегийн бодлогоо боловсруулахдаа тухайн он хүртэлх мөчлөгийн үед нефтийн үнэ 47 долл/баррелиас дээш гарахгүй гэж тооцсон байх юм. Ер нь бол, оросууд үнийг нэлээд доогуур түвшинд байхаар урьдчилан тооцдог бөгөөд 2014-2015 оны хямралын үед 25 долл/баррель хүртэл унана гэж таамаглаж байв.

Харин Оросын Сангийн яам 2018 оны улсын төсөвтөө Urals маркийн нефтийн үнэ 43,8 долл/баррель байна гэж тооцжээ. Эдийн засаг нь газрын тосны салбараас шууд хамаардаг Орос улсын хувьд нефтийн үнэ 1 доллароор нэмэгдэхэд улсын төсөвт 2,1 тэрбум долларын нэмэгдэл орлого ордог байна.

Түүнчлэн Газпромбанк-ны шинжээчдийн үзэж байгаагаар, нефтийн үнэ 55-60 долларын түвшинд байх аж. Энэ бол 2017 оны туршид хадгалагдаж ирсэн үнийн түвшин юм.   

Бусад таамаглалууд

Банкны салбарын Морган Стэнли компанийн хийсэн прогнозоор бол, нэг баррель нефтийн үнэ 2018 онд 63 доллар байх аж. Харин Raiffeisenbank 65-70 долларт хэлбэлзэнэ гэсэн таамаг дэвшүүлж байна.
Түүнчлэн Citigroup-ын шинжээч Эд Морзе-гийн үзэж байгаагаар, нэг торх нефтийн үнэ 65 доллар байх нь “жам ёсны дээд тааз” гэнэ.

2018 ба 2019 оны хувьд түүхий нефтийн дундаж үнэ 62 долл/баррель байх болно гэсэн таамаглалыг АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас гаргадаг “Эрчим хүчний салбарын хэтийн төлвийн талаарх богино хугацааны таамаглал” /Short-Term Energy Outlook/ гэдэг илтгэлд дурджээ.

Нефтийн үнэ 80-аас давах уу?

Barron’s компанийн шинжээчдийн үзэж байгаагаар, нэг торх нефтийн үнэ 80 долларт хүрч өсөх төлөв ажиглагдаж байна.

Түүнчлэн Price Futures Group-ын шинжээч Фил Флинн-ий үзэж байгаагаар, хэрвээ ОПЕК урьд нь байгуулсан хэлэлцээрийнхээ хүрээнд олборлолтоо үргэжлүүлэн бууруулах аваас WTI маркийн нефтийн үнэ хэсэг хугацаанд 80 долларт хүрч өсч магадгүй аж. Харин оны хугацаанд дундаж үнэ 67 долл/баррель байх ажээ. АНУ-ын газрын тосны нөөц 8 долоо хоногийн турш дараалан буурсан нь зах зээлд хомсдол үүсгэх магадлалтай юм. Энэ бол түүхэнд маш богино хугацаанд нөөц хамгийн ихээр буурсан тохиолдол гэдгийг Флинн онцоллоо.
 
Нөгөөтэйгүүр, 2017 оны зунаас хойш нефтийн үнэ даруй 50 гаруй хувиар өссөн нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Wall Street Journal сэтгүүлийн шинжээчдийн дүгнэснээр бол, АНУ дахь занарын нефть олборлолт нь үнэ буурахад нөлөөлж байсан гол хүчин зүйлүүдийн нэг байжээ. Занарын нефть олборлогч компаниуд олборлолтоо огцом бууруулах, эсвэл огцом өсгөх боломжтой байсан нь сүүлийн 3 жил гаруйн хугацаанд нефтийн зах зээлд “айдас хүйдэс төрүүлсээр” ирсэн билээ. Үүнээс шалтгаалан үнэ 50-иас доош долларт хэлбэлзэж байв. Харин одоо хөрөнгө оруулагчид иймэрхүү хүчин зүйлээс айхаа нэгэнт больсон учраас нефтийн үнэ дээр дурдсанаар 50 гаруй хувиар өссөн байна. Carlyle Group судалгааны байгууллагын хийсэн судалгааг үзвэл, занарын нефтийн нийлүүлэлт бүрмөсөн зогслоо гэж хийсвэрээр тооцоход нефтийн үнэ 85 орчим долларт эргэлдэхээр байгаа аж.    

Хөрөнгө оруулагчдын зүгээс занарын нефть олборлолтыг хязгаарлахыг компаниудаас шаардаж байгаа нь олборлолтод нөлөөлөхөөр байна. Ямар ч аргаар хамаагүй олборлолтоо нэмэгдүүлэхээр улайрч байсан нефтийн компаниуд дээрх шаардлагыг хүлээн авч, өр зээлээ дарах, мөнгөнийхөө зарим хэсгийг хувь нийлүүлэгчдэд буцааж өгөх гэж байгаа бололтой.

Өнгөрсөн оны хувьд, өдөрт хэдэн сая баррель нефть зах зээлд нэмж орох вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад байсан бол 2018 онд энэ тал дээр “айдас хүйдэс” бараг арилжээ. Учир нь, дэлхийн эдийн засаг идэвхтэй өсөлтийн үед орсон учраас үйлдвэрлэл, тээврийн салбарт түлш шатахууны хэрэглээ нэмэгдсээр байна. Тодруулбал, Давосын чуулга уулзалтын өмнөхөн ОУВС нэлээд өөдрөг таамаглал дэвшүүлж, дэлхийн ДНБ-ны өсөлт 2018 онд өмнөх онтой харьцуулахад 0,2 пунктээр илүү байж, 3,9 хувьд хүрнэ гэжээ. Өнгөрсөн 2017 он бол 2007-2008 оны эдийн засгийн их хямралаас хойших хугацаан дахь хамгийн таатай жил байлаа. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинаараа их хямралаас гарснаар газрын тосны хэрэглээ өсч эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор Америкийн хөрөнгө оруулалтын банк болох Goldman Sachs нефтийн үнийн талаарх таамаглалаа 2 дугаар сарын эхээр өсгөсөн байна. Тус банкны шинжээчдийн үзэж байгаагаар, ойрын 3 сарын хугацаанд Брент маркийн нефтийн үнэ 75 долл/баррель, хагас жилийн хугацаанд 82,5 долл/баррель хүрч өсөх бололтой.

Голдман Сакс-ынхан оны өмнөхөн нефтийн үнийг 62 долл/баррель байна гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм. Тэдний таамаглал ингэж огцом өөрчлөгдсөний шалтгаан нь дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийн эрэлт нэмэгдсэн, ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын байгуулсан гэрээ хэрэгжсэнээр олборлолт тодорхой хэмжээгээр буурсантай холбоотой юм. Олборлолт буурсанаар 2018 онд зах зээлд хоногт 0,2 сая баррелийн хомсдол үүсэх бол АНУ-д олборлолт өссөнөөр 2019 онд хоногт 0,73 сая баррелийн илүүдэл бий болох аж. Ингэснээр 2020 онд Брент маркийн нефтийн үнэ 60 долл/баррель болж буурна гэсэн таамаглалыг Goldman Sachs-ийн шинжээчид дэвшүүлсэн байна.

Дүгнэлт

Энэ онд нефтийн үнэ өнөөдрийн тогтсон ханшнаас /67 долл/баррель орчим/ буурахгүй, харин өснө гэдэг нь үндсэндээ тодорхой боллоо. Товчхондоо, экспортлогч орнуудын хувьд ийм өөдрөг /монголчуудын хувьд тааруухан мэдээ/ таамаглалыг дараах хэдэн хүчин зүйлд тулгуурлан хийжээ. Үүнд: ОПЕК-ийн орнууд олборлолтоо бууруулна, америкчууд занарын нефть олборлолтоо нэмэгдүүлэхгүй учраас нөөц нь багасна, дэлхийн эдийн засаг бүхэлдээ өсөлтийн үедээ орсноос үүдэн нефтийн хэрэглээ нэмэгдэнэ, америк долларын ханш буурсан зэрэг гол шалтгаануудыг дурдаж болно.

Б.Адъяахүү    
 
 
 
 
 
 
 
 


Монгол брэнд