top banner

Дюссельдорфын Их дуулгаас Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ


2018-02-25 10:17:26
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германы Дюссельдорф хотноо болж буй жүдо бөхийн Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчин Б.Ганхайч эмэгтэйчүүдийн 63 кг-д хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубын жүдоч Дел Торо Карважалийг базари, юко үнэлгээгээр ялсан байна. ОУХМ Б.Ганхайч нэгдүгээр тойрогтоо Германы жүдоч Пол Денаг цэвэр, хоёрдугаар тойрогт Испанийн бөх Паддилла Жүеррерог базари үнэлгээгээр тус тус ялсан бол хэсгийн аваргын төлөө Филиппины жүдоч Ватнабе Киюомиг цэвэр хожсон байна. Харин мөнгөн медалийн төлөө Японы жүдоч Цугане Мэгумитай барилдаж цэвэр ялагджээ.

Энэхүү 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф Их дуулга-2018” тэмцээнд 71 орны 500 гаруй жүдоч хүч үзэж байгаа юм. Манай улсаас нийт 19 бөх зодоглохоор Германыг зорьсон байна.

Тэмцээний
2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг, эрэгтэй 90 кг, -100 кг, +100 кг жингийн барилдаанууд болж медальтнуудаа шалгаруулна.
 

Д.Өлзий


Монгол брэнд