top banner

Умард Солонгосын төлөөлөгчид "Пёнчан-2018"-ын хаалтын ёслолд оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирэв


2018-02-25 08:44:51
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосын өндөр дээд түвшний төлөөлөгчид өвлийн олимпийн XXIII наадмын хаалтын ёслолд оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ён Чол тэргүүтэй найман төлөөлөгч өнөө өглөөний 9:53 цагт хоёр Солонгосын өмнөд хилд орших Пажүгийн шалган нэвтрүүлэх цэгт газраар явж ирсэн байна. Тэд Өмнөд Солонгост гурван өдөр байх аж.

Өмнөд Солонгосын Пёнчан хотод энэ сарын 9-нд эхэлсэн өвлийн олимпийн XXIII наадмын хаалтын ёслол өнөө орой болно.

Энэ олимпийн нээлтийн ёслолд Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, тус улсын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ёо Жон тэргүүтэй төлөөлөгчид оролцсон билээ.
Г.Доржханд
 


Монгол брэнд