top banner

Өсвөр үеийнхэн цахим тоглоомд донтох эмгэг 3 дахин өсчээ


2018-02-23 12:30:11
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр үе, залуучуудыг согтууруулах ундаа, тамхи бусад төрлийн хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар (НЗХГ) болон  Сэтгэцийн эрүүл  мэндийн үндэсний төв (СЭМҮТ) хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Энэ талаар өнөөдөр НЗХГ-ын дарга С.Сүх-Очир, СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан  мэргэжилтэн Т.Мандхай мэдээлэл хийлээ.

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан  мэргэжилтэн Т.Мандхай “Өсвөр нас гэдэг өөрөө эмзэг нас. Өсвөр насны хүүхдүүд нэгнээ даган дуурайх нь элбэг байдаг. Энэ насандаа хүүхдүүд архи тамхийг анх сонирхож  эсвэл үе тэнгийнхний  шахалтаар хэрэглэх тохиолдол байдаг. Мөн сүүлийн үед согтууруулах ундаа, тамхи гэхээс илүү цахим тоглоомын донтолт ихсэж байна. Сүүлийн 5-10 жилийн  судалгаануудаас үзэхэд цахим  тоглоомонд донтох эмгэг гурав дахин нэмэгдсэн. Цаашид  архи тамхи гэлтгүй цахим тоглоомын донтолтын эсрэг ажил өрнүүлэх болно” гэв.

Дээрх хоёр байгууллага өнгөрсөн онд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 30 сургууль, дөрвөн их, дээд сургуулийн 3000 гаруй оуютан, сурагчдад сургалт явуулсан байна. Хамтран ажиллах гэрээний хүрээнд 2018-2020 он гэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын болон их, дээд сургуульд дээрх сургалтыг явуулах, нөлөөллийн ажил зохион байгуулахаар тусгасан гэдгийг НЗХГ-ын дарга С.Сүх-Очир дурдлаа.

Тэрбээр, “Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаанд “Монголын өсвөр үеийнхний буюу 12-17 насны хүүхдүүдийн 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн” гэсэн хариулт өгсөн байна. Мөн судалгаанд хамрагдсан 7000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг “огт мэдэхгүй”, 7 хувь нь “сайн мэднэ” гэсэн бол үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна” гэлээ.
Ч.Ариунболд

Монгол брэнд