top banner

Гадаад хөрөнгө оруулалт 7 хувь буюу 2.2 тэрбум ам.доллароор өсчээ


2018-02-22 15:12:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас боловсруулсан мөнгө санхүүгийн болон гадаад секторын статистикийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Мөнгө санхүүгийн 2018 оны нэгдүгээр сарын статистикийн тухайд,
  • Мөнгөний нийлүүлэлт 2018 оны 1 дүгээр сард 15.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 31.7 хувь өссөн дүн юм байна. Нийлүүлэлтийн дийлэнх буюу 55 хувийг мөнгөн хадгаламж эзэлж байгаа бол бусад хувийг валютын хадгаламж, валют, төгрөгийн харилцах, банкнаас гадуурх мөнгө эзэлж байгаа аж.  
  • Арилжааны банкуудаас иргэд, ААН-үүдэд олгосон зээлийн үлдэгдэл 13.5 их наяд төгрөгт хүрчээ. Хамгийн их буюу 22 хувийг цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл эзэлж буй бол худалдааны зээл 14, үл хөдлөх хөрөнгө буюу ипотекийн зээл 13 хувь, барилгын салбарт 9, уул уурхайн салбарт 8 хувь ногдож байгаа аж.
  • Нийт зээлийн 8.8 хувь буюу 1.2 тэрбум төгрөг нь “Чанаргүй”, 6.9 хувь буюу 931.9 сая төгрөг “Хугацаа хэтэрсэн” ангилалд оржээ. Чанаргүй зээлийн 20.7 хувь нь уул уурхайн олборлолтын салбарт, 22 хувь нь боловсруулах үйлдвэрт, 13.1 хувь нь худалдааны 10.9 хувь нь барилгын салбарт, олгосон зээл байгаа аж. Уул уурхайн салбарт олгосон нийт зээлийн 23.7 хувь нь “чанаргүй” гэж ангилагдсан байна.
  • Нэгдүгээр сард 1 их наяд  197 тэрбум төгрөгийн зээл олгосны 85 хувь нь бэлэн мөнгөөр олгогдсон бөгөөд зээлийн хүү төгрөгт дунджаар 19 хувь, ам.долларт 10.8 хувь байгаа аж.
  • Нэгдүгээр сард 497 хэрэглэгч 34.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авчээ. Ипотекийн зээлд н Ипотекийн зээлийг нийт 93174 иргэнд олгосон бгөөд үлдэгдэл нь 4.3 их наяд төгрөг байгаа аж. Ипотекийн зээл чанарын хувьд харьцангуй сайн, 1.1 хувь нь “чанаргүй”, 2.2 нь “хугацаа хэтэрсэн” зээл эзэлж байна.

Гадаад секторын статистикийн хувьд,
  • 2017 оны төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр, урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан бол санхүүгийн дансны тэнцэл 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
  • Экспорт 5.8 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрчээ.
  • 2017 оны эцсийн байдлаар үйлчилгээний салбар 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ алдагдлын дийлэнх нь тээврийн салбартай холбоотой аж.
  • 2017 оны эцсийн байдлаар шууд хөрөнгө оруулалт 1.4 тэрбум ам.доллар, багцын хөрөнгө оруулалт 469.5 сая ам.долларын ашигтай гарчээ. Өнгөрөгч онд хөрөнгө оруулалтын ашиг 31.6 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд гадаадаас татсан авсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой аж.
  • Гадны орнуудаас Монгол Улсад 37,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүний 46 хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, 13 хувь багцын хөрөнгө оруулалт, 40 хувь нь бусад хөрөнгө оруулалт эзэлж байна.
  • Гадаад хөрөнгө оруулалтын 56 хувийг хувь нийлүүлэгчийн дүрмийн сан, 36 хувийг толгой компаниасаа авсан зээл эзэлж байгаа аж. Хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоон хувь буюу 2.2 тэрбум ам.доллароор өссөн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн нэг шалтгаан нь “Хуралдай”, “Гэрэгэ” бонд голлон нөлөөл үзүүлсэн байна.
  • Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2017 оны жилийн эцсийн байдлаар 27,4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд өмнөх улирлаас таван хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Засгийн газрын гадаад өр 17 хувиар буюу 1 тэрбум 76 сая ам.доллараар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь “Хуралдай”, “Гэрэгэ” бондууд гаргасан болон эргэн төлөгдсөн "Чингис бонд"-той холбоотой юм байна.
  • Төв банкны гадаад өр 121 сая ам.доллараар нэмэгджээ.  
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд