top banner

Сар шинийн баяраар зам тээврийн осол багагүй гарчээ


2018-02-21 19:05:37
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас Сар шинийн баяр, амралтын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдлын 2-р зэрэглэлд шилжин ажиллалаа. Хоёрдугаар сарын 15-19 өдрүүдэд тус газарт 30 өргөдөл, гомдол ирсний 11 нь гэмт хэргийн шинжтэй байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 4, хүний амьд явахын эсрэг 3, хүний халдашгүй байдлын эсрэг 1, хүчин 1, бусад гэмт хэрэг 2 гарчээ. Мөн хулгайлах гэмт хэргийн 10 үйлдэл бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 2 хүн гэмтжээ. Захиргааны зөрчлийн хүрээнд зам тээврийн осол 8, олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан тухай дуудлага 5, гэр бүлийн хүчирхийлэл 2 гарсан байна. Баярын өдрүүдээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, ухаангүй согтсон 16 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч осгох, хөлдөж нас барах аюул ослоос хамгаалсан ба 17 хүн эрүүлжүүлэгджээ.
Сар шинийн баяраар согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг, зөрчил багагүй гарчээ. Тухайлбал энэ сарын 18-ны өдөр Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг “Майхантын ар” гэх газар хот хоорондын замд Fit маркийн автомашин нь Corolla, Harrier маркийн автомашинуудтай мөргөлдөж, зорчигч Д, М нарын хоёр хүний амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн осол гарлаа. Сант сумын 4 дүгээр багт тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн М нь  автомашиныхаа кобут дээрээс иргэн А-г унагаасны улмаас толгойн тус газраа гэмтэл авч нас барсан, Арвайхээр сумын баруун гуанзны орчим “Ланд-200” маркийн автомашин жолоодож явсан иргэн Н нь 8... УБЛ улсын дугаартай машины араас мөргөж осол гаргасны улмаас зам дээр зогсож байсан машинууд ташраараа хоорондоо мөргөлдсөн хэрэг гарчээ. Түүнчлэн Арвайхээр сумын 1 дүгээр баг, Аюулгүйн тойрог дээр,  Тарагт сумын 6 дугаар баг, Олондовын зүүн талд, Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Шунхлай ШТС-ын гарцан дээр автомашинууд мөргөлдөж осол гаргажээ. Зөвхөн энэ сарын 19-20 шилжих шөнө согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг, 20-21 шилжих шөнө 21 хүнийг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.
Б.Батчимэг

Монгол брэнд