top banner

Нэгдүгээр сарын шилдэг тамирчдыг тодруулна


2018-02-21 12:53:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тухайн сард онцгой амжилт гаргасан дөрвөн тамирчинг 2018 оны нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар тодруулаад байна.

Тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г МҮОХ-ноос тодруулдаг билээ.

Өмнөх сарын шилдгээр Хөдөлмөрийн баатар Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, гавьяат тамирчин Дэлхийн аварга П.Орхон, 3x3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга Монголын шигшээ баг, 13 настай шатарчин Батсүрэн нар тодорч байсан.

Харин шинэ оны эхний сард чөлөөт бөх, цана, самбо, жюү жицү, усанд сэлэлт зэрэг олон төрлийн спортууд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, дотоодын талбар өрсөлдөөн дүүрэн байв. Эдгээр тэмцээнээс амжилтаараа онцгойрсон Монгол Улсын усанд сэлэлтийн таван рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, чөлөөт бөхийн бага дэлхийн аварга хэмээгддэг Алтан Гран при тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн П.Орхон, тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Гантуяа, Сөүлийн нээлттэй тэмцээнд II байрт шалгарч, улмаар Өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нар нэр дэвшлээ.

"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэрийг 26-ны өдөр зарлана.

Д.Өлзий
 

 


Монгол брэнд