top banner

Элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын Энэтхэг эмч нар үзлэг хийнэ


2018-02-21 11:31:49
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группын эрхтэн шилжүүлэх мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч нар энэ сарын 26-28-нд Улаанбаатар хотноо үзлэг хийх гэж байна. Энэ  үеэр Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон ХСҮТ-д үнэ төлбөргүй үзлэг хийх аж. 

Эмнэлгийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэгч Ази дахь хамгийн том байгууллагын нэг “Фортис” групп олон чадварлаг эмч, мэргэжилтэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, нарийн болон төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй дэлхийн жишигт нийцсэн байгууллага юм. Тус групп нь Энэтхэг даяар гуравдагч болон дөрөвдөгч шатлалын эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 10 мянган ор бүхий 54 эмнэлэг, 260 оношилгооны төв, өндөр чадвартай 23 мянган ажиллах хүч, баг хамт олонтой, өдөрт 3100 гаруй өвчтөнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.

Тус эмнэлгийн эмч Вивек Виж нь Монголын 50 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж, бүгд амжилттай болсон. Түүний багийнхан 2500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгаж, өвчтөнд 95, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр 2015 онд АНУ-ын Чикаго хотноо байрлах Элэг шилжүүлэн суулгах олон улсын нийгэмлэгээс Хүндэт шагнал хүртсэн юм. Харин доктор Рахул Бхаргава насанд хүрсэн 200 гаруй хүнд чөмөг шилжүүлэн суулгаснаараа хойд Энэтхэгтээ дээд амжилт тогтоожээ.

Энэ удаад тус группын Элэг шилжүүлэн суулгах болон Дотрын мэс заслын тасгийн дарга, доктор Вивек Виж, Урологи, Бөөр шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч, доктор Ражев Сод, Клиникийн Гематологийн буюу чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга, доктор Рахул Бхаргава зэрэг шилдэг эмч нараар ахлуулсан багийнхан Улаанбаатар хотноо дахин ирэх гэж байна. Тэд энэ сарын 26-нд “Интермед” эмнэлэгт, 27-нд Улсын нэгдсэн Нэгдүгээр эмнэлэгт, 28-нд Хавдар судлалын үндэсний төвд тус тус үзлэг хийхээр төлөвлөжээ.

Вивек Виж элэгний хавдар, элэгний цирроз, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөн, элэгний архаг эмгэг, Ражив Сод бөөр шилжүүлэн суулгах, Рахул Фаргава цусны эмгэгүүд (цусны хавдар, чөмөг, хэм шилжүүлэн суулгах) гэсэн чиглэлээр үзлэг хийх бөгөөд өвчтнүүд элэгний MRI эсвэл CT шинжилгээ, Элэгний үйл ажиллагааны шинжилгээ болон өмнө нь хийлгэж байсан шинжилгээний бичгүүдээ авч ирэхийг зөвлөж байна.

Дашрамд дурдахад, “Фортис” эмнэлгийн албан ёсны төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдсэн бөгөөд тус эмнэлгийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах, зуучлах, бичиг баримт бүрдүүлэх, БНЭУ-ын виз хүсэх зэрэг цогц үйлчилгээг авах боломжтой болжээ. 

Эмч нарын товч танилцуулга



Вивек Виж

Вивек Виж эмч нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах (living donor surgery) мэс заслыг хөгжүүлэх, донорын аюулгүй байдлыг хангах удирдамж-протоколыг боловсруулах, стандартчилах ажлыг гардан хийсэн БНЭУ-ын элэг шилжүүлэн суулгах мэс заслын анхдагч эмч нарын нэг юм. Тэрбээр донорын элгийг дурангийн аргаар авах (laparoscopic Donor Hepatectomy) мэс заслыг БНЭУ-д анхлан хийсэн бөгөөд Фортис Групп эмнэлгийн Нойда, Мохали, Фортис Эскортс болон Судалгааны Институт зэрэг салбар эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгах тасгийг үүсгэн байгуулсан юм. Одоогоор Виж эмч нь өөрийн багийн хамтаар 2500 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байгаа бол элэг шилжүүлж авсан өвчтөний 95 хувь нь, донорын 100 хувь нь амжилттай хийгдсэн байна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах цөсний хүндрэл нь 4 хувиас бага тохиолдож байгаа нь дэлхийд тэргүүлж буй үзүүлэлт аж. (Biliary Complication rate).



Ражив Сод

БНЭУ-ын Фортис Групп эмнэлгийн Урологи, Бөөр шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч. Ражев Сод эмч нь БНЭУ-ын батлан хамгаалахын эмнэлгүүдэд 23 жил ажилласан бөгөөд үүнээс 20 гаруй жилд нь урологийн мэргэшлийн эмчээр ажилласан байна. Энэ эмч нь БНЭУ-ын Ерөнхийлөгчдийн нэрэмжит Вишишт Сева одонгоор шагнуулсан цөөхөн мэс засалчдын нэг юм. Тэрбээр амьд донороос бөөрийг дурангийн аргаар авах (laproscopic live donor nephrectomy) анхны мэс заслыг хийсэн бөгөөд одоогоор 1000 гаруй бөөр шилжүүлэн суулгах (renal transplant) мэс заслыг амжилттай хийгээд байна. Мөн тэрбээр түрүү булчирхайг лазераар авах мэс заслыг анхлан хийсэн эмч юм.



Рахул Фаргава

БНЭУ-ын Фортис Групп эмнэлгийн Гематологи, ясны чөмөг хэм шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эрхлэгч Рахул Фаргава эмч нь 2016 онд Тархмал хатуурал (multiple sclerosis) хэмээх холбогч эдийн өвчний үед цусны үүдэл эс (stem cell)-ийг шилжүүлэн суулгах мэс заслыг улсдаа анх удаа хийсэн БНЭУ-ын шилдэг эмч нарын нэг юм. Одоогоор Рахул эмч өөрийн багийн хамтаар нийт 400 гаруй мэс заслыг хийгээд байна. Тэрбээр үүдэл эсийн мэс заслыг маш үр дүнтэйгээр хийдэг гэдгээрээ олонд танигдсан байна.

Н.Туяа

Монгол брэнд