top banner

З.Урангоо: Энэ онд Хэрлэн суманд 553 иргэнд газар үнэгүй өмчлүүлнэ


2018-02-20 22:23:45
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар төрөөс нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх хугацаа 2018 оны тавдугаар сарын нэгний өдөр дуусгавар болно. Энэхүү хуулийн хэрэгжилт Хэрлэн сумын хэмжээнд ямар байгааг тус сумын газрын даамал З.Урангоотой уулзаж тодрууллаа.  

-Иргэдэд төрөөс нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх  ажил Хэрлэн сумын хэмжээнд хэдэн хувьтай явагдаж байна вэ?
-Хэрлэн сумын хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын байдлаар 10229 иргэн газраа өмчилж аваад байна. Төрөөс иргэдэд хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх ажил 47.6 хувьтай явагдаж байгаа юм.  
-Иргэд хэр идэвхтэй газраа өмчилж байна вэ?
-Иргэд маань газраа идэвхтэй өмчилж авч байна. Жилд  ойролцоогоор 300-400 айлын газрыг төлөвлөж өгсөн байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу иргэд маань газраа бүрэн өмчилж байна. 2017 оны хувьд Хэрлэн сумын хэмжээнд 280 иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөж, 280 иргэнээс өргөдөл хүлээн авч, захирамж шийдвэр нь гарсан. Харин 2018 оны тавдугаар сарын нэгнээр газар өмчлөлийн хуулийн хугацаа дуусч байгаатай холбоотойгоор энэ онд 553 иргэнд хоёр хороолол буюу зургаадугаар баг руу хоёр корпус газрыг өмчлүүлэхээр төлөвлөөд байна.
-Газраа өмчлөөгүй иргэд ямар материал бүрдүүлж, хаана хандах ёстой вэ?
-Газраа өмчилж аваагүй насанд хүрсэн болон насанд хүрээгүй иргэд тус тусдаа материал бүрдүүлдэг. Насанд хүрсэн иргэн өөрийн иргэний үнэмлэхийг эх хувиар, оршин суугаа багийн тодорхойлолт авч ирэх шаардлагатай. Хэрвээ Хэрлэн сумын харъяат биш бол өөрийн харъяалагдаж буй газраасаа газар өмчилж аваагүй гэсэн тодорхойлолт авчирна. Насанд хүрээгүй иргэн бол эцэг эхийн иргэний үнэмлэх шаардлагатай. Хэрлэн сумын харъяат бол заавал оршин суугаа газрын тодорхойлолт шаардахгүй. Газар өмчлүүлэх ажил үнэ төлбөргүй хийгдэж байгаа учраас ямар нэг хураамж байхгүй.
-Хуулийн хэрэгжилт дуусч байгаа учраас иргэд маань газраа өмчилж авч амжихгүй бол газар үнэд орох нь гэсэн айдастай байх шиг байна. Энэ тал дээр төрөөс ямар зохицуулалт хийх бол?
-Газраа өмчилж авч амжаагүй иргэд хуулийн хугацаа дууслаа гэж сандрах шаардлагагүй. Монгол Улсын хэмжээнд энэ ажил 50 хувьтай явагдаж байна. Иймд Засгийн газраас энэхүү хуулийн хугацааг сунгах юм уу, хугацаагүй болгох гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулахаар төлөвлөж байгаа. Тиймээс  хуулийн хугацаа дуусангуут газар  үнэд орно гэсэн үг биш юм.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд