top banner

Цагдаагийн алба хаагчид дээлтэй монгол өдөрлөг зохион байгууллаа


2018-02-19 19:52:14
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс Үндэсний соёл, ёс заншлыг сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй монгол” арга хэмжээг тахиа жилийн отгон өдөр зохион байгуулжээ.
Тус арга хэмжээг бөхийн барилдаан, шагай шүүрэх, сээр хугалах, 32 цагаан лонх тоолох гэсэн төрлүүдээр зохион байгуулсан байна. Мөн арга хэмжээний хүрээнд монгол үндэсний хувцсаар гоёсон эрэгтэй, эмэгтэй алба хаагч нарыг шагнаж урамшуулжээ. “Дээлтэй монгол” арга хэмжээний бөхийн барилдаанд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Хосбаяр түрүүлж, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Цэрэнчулуун үзүүрлэжээ. Харин шагай шүүрэх тэмцээнд цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Нямдаваа, сээр хугалах тэмцээнд нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэ, 32 цагаан лонх тоолох тэмцээнд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Цэрэнчулуун нар түрүүлжээ. Энэ үеэр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Үржинханд, Баянгол сумын цагдаагийн хэсгийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Бат-Ирээдүй нар монгол үндэсний хувцасаа гоё сайхан өмссөн байдлаараа шалгарсан байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд