top banner

МУИС, Гаванын Их сургуультай хамтран ажиллахаар болов


2018-02-19 10:55:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаванын Их сургуулийн захирал Густаво Кобрейрогийн урилгаар МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хоёрдугаар сарын 12-15-нд Куба улсад айлчилж, “Их сургууль -2018” олон улсын дээд боловсролын конгресс болон Гаванын Их сургууль үүсгэн байгуулагдсаны 290 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.

Энэ үеэр Гаванын их сургуулийн захирал Густаво Кобрейро, Латин Америкийн Их сургуулиудын холбооны Ерөнхийлөгч Хэннинг Женсен, Гаванын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн захирал доктор Антонио Ромеро, Хэл, соёлын сургуулийн захирал хатагтай Родригес Пүэрто зэрэг албаны хүмүүстэй уулзсан байна. Уулзалтад Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр оролцжээ.

МУИС болон Гаванын их сургууль хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан судалгаа хийх, багш, оюутан, эрдэмтдийг харилцан солилцох зэрэг олон асуудлаар харилцан санал солилцож, дээд боловсролын салбарт цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх ач холбогдолтой чиглэлүүдийг тодорхойлсон байна.

Мөн Кубын биотехнологийн салбар дахь стратегийн ач холбогдолтой Генетикийн инженерчлэл, Биотехнологийн төв, сахарын өвчин судлалын үндэсний төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, Монгол Улсад тулгамдаад буй сахарын өвчин, гепатит В, С вирусийн халдварын тархалтыг бууруулах зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийж, харилцан идэвхтэй ажиллахаар болжээ.

Д.Өлзий
 

Монгол брэнд