Д.Чойжамц: Ирж буй нохой жилд эв эеийг хичээж, өөр хоорондоо хүндэтгэлтэй хандахыг чухалчлаарай

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2018-02-13 15:43:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийг угтан өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдлаа.
Өнгөрч буй тахиа жилд Монгол Улс хөгжин цэцэглэж, төр засаг цэгцэрсэн амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрснийг Гавж Д.Чойжамц айлдварынхаа эхэнд онцлов. Айлчлан ирж буй нохой жил мөн л Монгол түмэнд ерөөлтэй сайхан жил болохоор зурхайд буужээ. Гэхдээ зарим үед ган гачигтай байх аж. Мөн ахмадууд эрүүл мэндээ хамгаалах, малчид хянуур байх шаардлагатай бөгөөд хуумгай хандвал эд малаа бусдад алдах магадлалтай хэмээн ирж буй  жилийн өнгийг айлтгав.

Мөн Цагаан сарын баярын өв уламжлалын талаар товч танилцууллаа. Цагаан сараар ахмадаа хүндэтгэн, үр хүүхдээ асарч, хамаатан садантайгаа танилцдаг тул Эв нэгдлийн баяр юм. Нөгөөтэйгүүр өр төлөөсөө төлж, сэтгэл зөрүүтэй  явсан нэгэнтэйгээ хөөрөг зөрүүлэн цагаадаж, хүний нүдэнд сайхан дүрс, чихэнд сайхан дуу, аманд нь сайхан амт, хамарт сайхан үнэр буюу арц хүж уугиулан үнэртүүлэх зэрэг үйлийг хийдэг тул зан заншлын баяр хэмээн үздэгийг дурдаад, “Цагаан сараар айлд орсон хүн эхлээд хоймор өөд харж, дараа нь бусад хүнтэй мэндэлнэ. Бэлэг дэмбэрэлгүй муу үг хэлж огт болохгүй. Муу үг хэлдэг хүнийг Цагаан сараар гэртээ дахин урьдаггүй. Энэ мэтээр бидний өв уламжлал, идээ будаа, ямба ёслол ирээдүйд залгамжлан үлдэх ёстой. Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар торгон дээлээ өмсч, Монгол уламжлалаа сурталчлах нь үндэсний дархлаагаа хадгалан үлдэхэд туйлын чухал ач холбогдолтой” хэмээв.

Мөн тэрбээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг болон шашны салбарт өрнөж буй томоохон ажлуудын талаар танилцуулаа. Тэрбээр, “1990 оноос хойш Монгол улс ихээхэн өөрчлөгдсөн. Тухайн үед Англи, Америк, Европын талаар ярихад бид ангайгаад л сонсдог байсан бол одоо бүх асуудлыг нарийн мэргэжлийн талаас судалгаатай, төлөвлөгөөтэй ярьж, таниулдаг болсон байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч хувь хүнийг танин мэдүүлэх, гэгээрүүлэх чиглэлд ихээхэн ажиллах болжээ.Эдүгээ Монголд бүтээн байгуулалтын цаг өрнөж байна. Цемент, барилгын үйлдвэрүүд байгуулж, тэргүүний тоног төхөөрөмжийг нийлүүлж, зам гүүр, байшин барилга, хувцас хунараа үйлдвэрлэж байна. Төрөөс буруу алхам хийсэн тохиолдолд ард түмэн шаардаж, шахаж, зөв голдиролд нь оруулдаг болсон. Энэ бол жинхэнэ ардчилал руу шилжих явц гэж дүгнэж байна.

Шашны хувьд мөн олон зүйл өөрчлөглсөн. 1930-аад онд Коммунизмын мөрөөр олон лам нараа егүүтгэн энэ орны дархлааг үгүй болгосон. 1000 гаруй сүм хийдээ нураан, дотор нь байсан шүр сувд, оюун номинг бүгдийг нь хураан авсан. Үүний дараа ердөө 70 гаруй лам хуварга л шашнаа авч үлдэхээр хичээж байсан юм. Харин одоо Энэтхэгт 700 орчим хүүхэд шашны чиглэлээр сурч байна. Хамгийн том дэвшил гэвэл Энэтхэг дэх 6 том сургуулийн нэгдсэн шалгалтаар Монгол лам нэгдүгээр байрт шалгарлаа. Таван гавж шинээр төрж, их хэлмэгдүүлэлтийн үед нураасан Цогчин дуган одооноос жигд үйл ажиллагаа явуулах гэж байна. Монголын хоёр сая хүн буюу 60 хувь нь энэ шашныг шүтэн, мөргөж, хүндэлж байна. Сүм хийдийн үйл ажиллагаа цэвэр, ёс зүйтэй байх ёстой. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлахдаа Цогчин дуганаар зочилсон. Тэрбээр айлчлалынхаа үеэр Цогчин дуганы голд нь залах 5 метр өндөр, Бурхан багшийн дүрийг урлаж өгөхөө илэрхийлсэн. Энэ ажил одоо Энэтхэгт өрнөж байна. Мөн Богд лам болон түүний хоёр шавийн хөшөөг XIV дүгээр Далай багшийн дэмжлэгээр бүтээж байгаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өндөр Гэгээн Занабазарын хөшөөг бүтээж өгөх болсон зэрэг олон ажил өрнөж байна. Миний бие Дэлхийн буддын шашны Энх тайвны дээд хэмжээний хурлын тэргүүнээр 4 жилийн өмнө сонгогдсон. Энэ жил тус байгууллага Шри Ланка улсад томоохон хурал зохион байгууллаа. Хуралд Африкийн 8, Латин Америкийн 14 зэрэг 47 орны буддистууд оролцлоо” гэлээ.

Тэрбээр айлдварынхаа төгсгөлд ирж буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилдээ Монголын ард түмэн эв түнжинтэй, бие биедээ хүндэтгэлтэй, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, харшлах зүйлгүй, эд таваар элбэг, үр хүүхэд өнөр өтгөн болохыг хүсэн ерөөв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ