top banner

Анхны “ Улсын тэргүүний цаатан” шагналаа гардаж авлаа


2018-02-13 15:36:04
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг бусад аймгаас ялгагдах онцлог нь зургаа дахь хошуу мал болсон цаан сүргийг өсгөн үржүүлж өнөөдрийн байдлаар Цагааннуур сумын зүүн баруун тайга нийлээд 2159 цаатай болжээ. Энэ жил сар шинийн босгон дээр анх удаа хамгийн олон цаатай өрхийг тодруулахад оны эцсээр 150 цаа тоолуулсан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаатан Чулуун овогтой Батбаяр тодорч, анхны  “Улсын тэргүүний цаатан” цол хүртлээ.
Түүний шагнал  “Улсын тэргүүний цаатан” цолны энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, мөнгөн шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар нар гардуулан өглөө. Ч.Батбаяр нь  2015 онд сумын аварга цаачин, 2016 онд аймгийн аварга цаачин цол хүртэж байсан бөгөөд жилээс жилд цаан сүргийнхээ тоог нэмэгдүүлэн, цааныхаа тарга тэвээргийг сайн авахуулахын тулд отор нүүдлийг тогтмол хийдэг ажээ.

Цаа буга ихэрлэх тохиолдол ховор байдаг бөгөөд тэдний хотонд өнгөрсөн жил 3 ихэр хугаш төрсөн байна. Энэ  тохиолдлыг цаан сүрэг өсөн нэмэгдэх нь гэж цаатан иргэд ихэд билэгшээж байжээ. Нас гүйцсэн эр цаа бугыг этэр, уналга ачлагын цаа бугыг зарь, эм цаа бугыг мянджиг, төлийг хугаш гэж нэрлэдэг гэнэ.

Тус аймгийн хэмжээнд 1990-ээд оны үед цааны тоо толгой цөөрч 400 гаруй цаатай болж цаа устаж үгүй болох аюулд тулж байсан бол аймаг орон нутаг, төр засгийн зүгээс үндэстний цөөнх болсон цаатангуудын цаан сүргийн цусыг ОХУ-ын Кызылээс сэлбэж цаатан иргэдийн амьдрал ахуйд онцгой анхааран ажилласны үр дүнд Хөвсгөлийн цаа 2000 гаруй болж өсчээ. 
Б.Гантуяа 

Монгол брэнд