top banner

Пёнчаны олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн иранчуудаас уучлалт гуйжээ


2018-02-10 10:21:09
Зураг
ПЁНЧАН. /Би-Би-Си/. Олимпод оролцогчдод бэлэглэхээр тусгайлан хийсэн “Samsung Galaxy Note 8- Olympic Edition” ухаалаг гар утаснаас Ираны тамирчдад өгөөгүйн улмаас Иран болон Өмнөд Солонгосын хооронд дипломат маргаан үүссэнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” өвлийн олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн иранчуудаас уучлалт гуйсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Иран болон Умард Солонгосын тамирчдаас бусад бүх улсын тамирдад энэ ухаалаг гар утсыг бэлэглэсэн аж. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосоос Тегаранд суугаа Элчин сайдыг Ираны ГХЯ дуудан ирүүлж, “Тамирчдыг ялгаварлан гадуурхаж байгаа нь олимпийн үзэл санааны эсрэг үйлдэл” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Иран дахь “Samsung” корпорацийн салбарын захирлыг Ираны Ерөнхий прокурор дуудан байцааж, Ираны нийгмийн сүлжээ хэрэглэгчид “Samsung”-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс татгалзахыг бие биедээ уриалцгаасан байна. Энэ асуудлын улмаас Ираны Гадаад харилцааны сайд Жавад Зариф хүртэл өөрийн барьж буй “Samsung Galaxy S8” ухаалаг гар утсаа солих тухай бодоход хүрсэн гэнэ.

Үүнтэй холбоотойгоор “Пёнчан-2018” олимпийг зохион байгуулах хорооны тэргүүн Ли Хэ Бём баасан гарагт иранчуудаас уучлалт гуйж, Ираны тамирчдад “Samsung Galaxy Note 8- Olympic Edition”  ухаалаг гар утсыг бэлэглэхээ мэдэгджээ.



Иран улс нь залуучууд олонтой бөгөөд “Samsung” корпорацийн хувьд Ойрхи Дорнод дахь хамгийн том зах зээл нь аж. Иранд  48 сая хүн тус компанийн ухаалаг гар утсыг барьдаг гэсэн тооцоо байна. “Samsung”-ийн төлөөлөгч дээрх маргаантай холбоотойгоор мэдэгдэл хийхдээ “Манай компани Пёнчаны олимпийг зохион байгуулах хороонд 4000 гаруй тусгай загварын гар утсыг өгсөн. Ираны тамирчдад яагаад үүнээс өгөөгүйг бид мэдэхгүй” гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Иранд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүүн нийлүүлэхийг “НҮБ хориглосон” учраас тамирчдад нь ухаалаг гар утас бэлэглэхгүй байх шийдвэрийг Олон улсын олимпийн хороо болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүс гаргаж, ийм асуудал үүсгэсэн бололтой.

Гэхдээ тус улсын тамирчдад энэ гар утсыг бэлэглэхээр болсон учир асуудал одоо шийдэгдсэн гэж найдаж буйгаа Пёнчаны олимпийг зохион байгуулагчид болон “Samsung” корпораци илэрхийлсэн байна.
 
Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд