top banner

БНСУ-ын Пёнчан хотын тэнгэрт өвлийн 23 дахь олимпийн бамбар аслаа


2018-02-10 09:41:50
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр орой буюу хоёрдугаар сарын 9-нд Улаанбаатарын цагаар 19 цагт “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын нээлтийн ёслол эхэлж дэлхий нийтээрээ сэтгэл догдлон Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэн рүү анхаарлаа хандууллаа.



Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон дэлхийн спортын хамгийн том баяр бол олимпийн наадам билээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Зуны болон Өвлийн олимпийн наадмыг Олон улсын олимпийн хороо өндөр шалгуураар дэлхийн улс орнуудаас найман жилийн өмнө сонгон тодруулдаг уламжлалтай.



Энэ удаагийн Өвлийн олимпийн наадам ийнхүү БНСУ-ын Пёнчан хотноо болж байгаа бөгөөд 
Ази тивд гурав дахь удаагаа, харин Солонгосын хойгт анх удаа болж буй юм. 

БНСУ-ын Пёнчан хотод энэ сарын 9-25-ны хооронд үргэлжлэх 23 дахь удаагийн өвлийн олимпод 92 орны 2952 тамирчин 15 спортын 102 төрөлд багц медалийн төлөө 16 хоногийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж олимпийн медальтнуудаа тодруулна.

Нээлтийн үйл ажиллагааны хамгийн онцлог үйл явдал бол олимпийн наадамд оролцогч улс орнууд Төрийн далбаагаа мандуулан цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх ёслолын жагсаал байдаг. Энэхүү олимпийн наадамд оролцогч 92 орноос хамгийн түрүүнд уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекийн баг тамирчид орж ирсэн юм. Грекийн багийн тугчаар уулын цанын тамирчин София Ралли тодорсон байв.

Грекийн багийн араас жагссан улс орнууд Солонгос үндэсний цагаан толгойн дарааллаар олимпийн цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн бөгөөд Африкийн Гана, Нигери, Өмнөд Африк, Нидерланд улсын баг тамирчид үндэсний өв соёл, онцлогоо харуулсан хувцсаар тус тус ижилдэн гангарсан байлаа.



2016 оны Риогийн зуны олимпийн нээлтийн ёслолд Тонга улсын далбааг барин цээж нүцгэн явсан таэквондогийн тамирчин Пита Тауфатофуа Пёнчанын өвлийн олимпийн нээлтэд бас л цээж нүцгэн гарч ирсэн нь олны анхаарлыг ихэд татсан юм. Тэрбээр энэ удаа гүйлтийн цанын төрөлд өрсөлдөнө.



Монгол Улсын баг тамирчид жагсаалын 25 дугаарт орж ирлээ. Олимпийн наадмын гүйлтийн цанын төрөлд улсаа төлөөлөн хурд, хүчээ сорих ОУХМ Б.Ачбадрах Монголын багийн тугч болж байгаа билээ.



“Пёнчан - 2018” өвлийн олимпийн наадамд оролцож байгаа улс орнуудын 92 дугаарт буюу хамгийн сүүлд энх тайван, эв найрамдлын бэлгэ тэмдгийн илэрхийлэл болсон Хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид
цагаан дээр Солонгосын хойгийн зураг бүхий “Солонгосын хойгийн туг”-ийн дор жагссан байлаа. Хоёр Солонгосын тугийг Өмнөд Солонгосоос бобслейн тамирчин Вон Юн Жон, Умард Солонгосоос хоккейн эмэгтэй багийн тамирчин Хван Чун Гум нар барин орж ирсэн.



“Пёнчан 2018” өвлийн XXIII олимпийн наадмын хамгийн торгон агшин болох бамбар асаах хүндэт үүрэг
олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, тус наадмын албан ёсны төлөөлөгч Ким Юнад оногдсон байна. Улс орныхоо өвлийн олимпийн  наадмын бахархал болсон алдарт уран гулгагч Ким Юна энэхүү хүндтэй үүргээ амжилттай биелүүлж, Олимпийн галт бамбар Пёнчаны тэнгэрт бадамлан аслаа.

Ийнхүү өвлийн XXIII олимпий
н наадам Пёнчан хотноо эхэллээ. Улмаар "Пёнчан-2018" олимпийн наадмыг Зохион байгуулах хорооны дарга И Хэ Бём, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар үг хэлснээр 23 дахь удаагийн өвлийн олимп албан ёсоор нээж байгааг мэдэгдлээ.



Энэ олимпийн наадмын түүхэнд тэмдэглэгдэх нэг онцлог нь Өмнөд, Хойд Солонгосын баг тамирчид нэгэн тугийн дор жагссан үйл явдал байв. Тэд өмнө нь 2000 оны Сиднейн зуны олимпийн наадамд хамтран, нэг тугийн дор жагссан түүхтэй. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин олимпийн цэнгэлдэхэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жонтай нөхөрсөгөөр гар барьсан юм.



Олимпийн нээлтийн урлагийн тоглолт
ыг ямар өвөрмөц шинэ содон болох бол хэмээн дэлхий нийтээрээ сэтгэл догдлон хүлээдэг билээ.



“Пёнчан 2018” өвлийн XXIII олимпийн наадмын нээлтийн урлагийн тоглолт солонгос үндэсний соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг дэлхийн соёл урлагтай хослуулан техник технологийн шинэлэг шийдлийг сонгосон бөгөөд
2000  хүн оролцон тоглосон байв. Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн урлаг, соёлын жүжигчилсэн тоглолтын ерөнхий найруулагчаар Сун Сын Хон, уран сайхны найруулагчаар Ян Жун Вон нар ажиллаж, гайхалтай үзүүлбэрүүдийг сонирхуулсан.



Энэ удаагийн олимпийн наадмыг 5G техн
ологи ашиглан дэлхий нийтэд шууд дамжуулсан юм. Тус наадмыг БНСУ-ын үндэсний гурван телевиз шууд дамжуулна.  Пёнчаны олимпийн наадмын нээлтийн ёслолд дэлхийн олон орны төрийн өндөр албан тушаалтнууд уригдан ирж оролцлоо. БНСУ нь 1988 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулсан туршлагатай бөгөөд ийнхүү 30 жилийн дараа эх орондоо өвлийн олимпийн наадмыг амжилттай явуулахаар эхлүүллээ.

Дашрамд сонирхуулахад, Өвлийн 23 дахь удаагийн олимпийн наадам болж байгаа Пёнчан хот нь өвлийн олимпийн наадмыг зохион байгуулсан Азийн гурав дахь хот болж байна. Өмнө нь 1972 онд Японы Саппоро, 1998 онд Нагано хотод “Цагаан” олимп болсон түүхтэй.



“Пёнчан 2018” өвлийн XXIII олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид сэргээшийн асуудлаас болж ОУОХ-ны тугийн дор 169 тамирчнаа оролцуулахаар болсон нь энэ удаагийн өвлийн олимпийн бас нэг онцлог үйл явдал байлаа.

Mонголын баг тамирчид анх удаа Инсбрук-1964 өвлийн IX олимпийн наадамд оролцсон бөгөөд манай цана, тэшүүрийн шилдгүүд нийтдээ13 цагаан олимпод хурд хүчээ сорьсон түүхтэй билээ.
 

 

 

 

Д.Өлзий


Сурталчилгаа
Монгол брэнд