top banner

НҮБ-ын тэргүүн Умард Солонгосын төлөөлөгчтэй уулзав


2018-02-10 09:32:51
Зураг
ПЁНЧАН. /Ёнхап/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Умард Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай уулзах үеэрээ Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болно гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Өчигдөр орой "Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолын дараа болсон оройн зоог барих ёслолын үеэр Ким Ён Намтай НҮБ-ын тэргүүн уулзах үеэрээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд холбогдох бүх тал яриа хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байна” гэжээ. Ким Ён Нам нь “Пёнчан-2018”-ын нээлтийн ёслолд оролцохоор Өмнөд Солонгост ирсэн Умард Солонгосын 22 өндөр дээд албан тушаалтан, тэдний дотор Умардын Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жо-г ахалж яваа хүн юм. Ким Ё Жо нь Өмнөд Солонгост хөл тавьж буй Умард Солонгосын удирдагчийн гэр бүлийн анхны гишүүн билээ.

Умард Солонгос удаа дараалан цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй холбоотойгоор Вашингтон болон Пхеньяны харилцаа өнгөрсөн онд нэлээд эвгүйтсэн. Үүний дараа Умард Солонгос өндөр дээд түвшний төлөөлөгчдөө Өмнөд Солонгос руу илгээж буйг “Хоёр Солонгосын харилцаа сайжирч буйн дохио” гэж ажиглагчид найдаж байна.

НҮБ-ын тэргүүн өчигдөр мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэрээ “Энэ олимп бол Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулах дипломат хүчин чармайлтыг бэхжүүлэх нэгэн боломж” гэж хэлжээ.
Г.Доржханд


Монгол брэнд