Пёнчан хотод өвлийн олимпийн XXIII наадам ёслол төгөлдөр эхэллээ

Дэлхийн мэдээ | Спорт
dorjkhand@montsame.mn
2018-02-09 21:22:30
ПЁНЧАН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод өвлийн олимпийн XXIII наадмын нээлтийн ёслол энх тайван, ирээдүй сэдвийн хүрээнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, 35 мянган хүний суудалтай “Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэн”-д  өвлийн олимпийн XXIII наадмын нээлтийн ёслолыг Солонгосын уламжлалт түүх соёл бөгөөд орчин үеийн соёл, техник технологийн онцлогийг хослуулсан, хоёр Солонгосын ард түмэн Солонгосын хойг болоод дэлхий дахинд энх тайвныг тогтоох хүсэлтэй буйг илтгэн харуулсан сэдвийн хүрээнд хийлээ.

Уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекийн баг тамирчид олимпийн цэнгэлдэх хүрээлэнд эхлээд орж ирсэн бол үүний араас Солонгос хангил цагаан толгойн үсгийн дарааллаар бусад улс орны тамирчид орж ирсэн. Харин хамгийн сүүүлд Өмнөд Солонгосын тамирчид Умард Солонгосын тамирчдын хамт олимпийн цэнгэлдэх хүрээлэнд алхан орж ирсэн нь энэ олимпийн нээлтийн ёслолын хамгийн торгон мөчүүдийн нэг, Солонгосын хойгийн нутаг дэвсгэрт хоёр Солонгос нэг туг далбаан дор алхсан анхны тохиолдол байлаа.



Нээлтийн ёслолын үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Даян дэлхийд энх тайван тогтохыг бэлгэдэн “Рио-2016” зуны олимпийн наадамд дүрвэгсдийн баг НҮБ-ын туг далбаан дор оролцож байсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдлөм мөчүүдийн нэг байсан юм. Тэгвэл өнөөдөр хоёр Солонгосын тамирчид Солонгосын хойгийн туг далбаан дор хамтдаа алхсанаар энх тайвныг сурталчилсан дахин нэг чухал мессэжийг дэлхийн дахинд илгээлээ” гэж хэлэв.

Үүний дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өвлийн олимпийн наадам эхэлснийг албан ёсоор зарлаж, алдарт уран гулгагч Ким Юна олимпийн бамбарыг асаав.

Өмнөд Солонгост болж буй анхны өвлийн олимп нь энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 92 улс орны 2920 гаруй тамирчин, түүний дотор зохион байгуулагч Өмнөд Солонгосын 144 тамирчин болон Умард Солонгосын 22 тамирчин 102 багц медалийн төлөө өрсөлдөнө.  Өмнөд Солонгос “Пёнчан-2018” олимпоос найман алтан медаль хүртэх буюу багийн дүнгээрээ эхний дөрөвт орох зорилт тавьжээ.


Г.Доржханд
Холбоотой мэдээ