top banner

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл авахыг шаардав


2018-02-09 20:39:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийв.

Тус бүлгийн гишүүд “Эрдэнэт үйлдвэр"-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл авахыг хүсч буйгаа илэрхийлэн цаг алдахгүйн тулд Байнгын хороогоор дамжуулж мэдээлэл өгөхийг шаардаж байгааг хэлсэн юм. Уг асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэхдээ, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "“Жаст” группийн захирал Ш.Батхүүг "Эрдэнэт"-ийн тамга тэмдэг хуурамчаар гаргаж, баталгаа гаргуулсан гэж ярьдаг. Гэвч хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа "Стандарт" банкнаас зээлсэн мөнгө  “Эрдэнэт”-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Энэ бол яавч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой анхаарал хандуулах ёстой олон асуудал байна. Энэ асуудал 2013 оноос хэвлэлээр гарч эхэлсэн. Яг үнэндээ УИХ-ын гишүүд ч хүртэл мэдээлэл, ойлголтгүй явж байгаа. Энэ зээлийг олгоход хэн баталгаа гаргасан, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн юм уу, үйлдвэрийн ногдол ашгаас хэдэн төгрөг хүү торгуульд өгч байгаа гэх мэт мэдээллийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Нууц биш мэдээллийг нууц гэж тайлбарладаг, бодит мэдээлэл өгдөггүй байдал даамжирч байна. “Эрдэнэт” үйлдвэр, авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлаар манай Авлигын эсрэг парламентын бүлэгт хандаж болно. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайдад асуулга тавих юм уу, бэлэн материал өгч болно. Ингэснээр хардлага дагуулсан асуудалд цэг тавина. 2018 оны Засгийн газар хариуцлагын жил болгон зарлаж байгааг дэмжиж байна. Гэхдээ энэ бол үг биш үйлдэл байх ёстой" хэмээж байв. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Энэ бол нам бүлгийн асуудал биш, улс орны эрх ашгийн асуудал. Хэрэв буруутай бол хуулийн өмнө хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Муу муухайгаа намын нэрээр нуудаг, намын нэр барьдаг зүйтэй бид санал нийлэхгүй. МАН шударга бус зүйлтэй тэмцэж чаддаг байж ард түмнээ манлайлах, ёс суртахууны эрх нээгдэнэ. Хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой" гэлээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал 

Монгол брэнд