“Архангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр 28 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-02-09 17:56:21
Архангай /МОНЦАМЭ/.  Архангай аймгийн Цэцэрлэг хотод болсон “Архангайд үйлдвэрлэв” үзэсгэлэнгийн хоёр өдөр бизнес эрхлэгчид нийт 28 сая 513,000 төгрөгийн борлуулт хийсэн нь анхны жилээсээ даруй нэг дахин их байгааг аймгийн ХХААГ-аас хэлж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь сар шинийн өмнө болж аймгийн иргэдийг нэг дороос сар шинийнхээ бэлтгэлийг хангах боломжийг олгодгоороо ач холбогдолтой юм.

Тус аймгийн Засаг даргын санаачлан эхлүүлсэн “Архангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа энэ жил хоёр удаагаа энэ сарын 8, 9-нд боллоо. Үзэсгэлэн худалдаанд 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэд сүү, цагаан идээ, модон эдлэл, эмээл, үндэсний дээл, малгай, хөөрөг, дайлан, гутал, хөөврөн болон эсгий бүтээгдэхүүн, шүрэн эдлэл, гар урлал, хэвийн боов, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцсон байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, ХХААГ-ын дарга П.Гомбодорж нар оролцож, бизнес эрхлэгчдээс худалдан авалт хийнгээ тэдэнтэй санал бодлоо солилцож, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ