Цагааннуур сумын цэцэрлэгийн их засварыг “Өвсний үндэс" хөтөлбөрийн тусламжаар хийнэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-02-09 17:39:41
Хөвсгөл аймагт өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар   Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх “Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цэцэрлэгийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. 

Төслийн хүрээнд 94,806 ам.доллар буюу 229,905,430 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цагааннуур сумын цэцэрлэгийн их засварын төсөл хэрэгжсэнээр алслагдсан сумын 130 хүүхэд ая тухтай, эрүүл, хүүхдэд ээлтэй орчинд сурч, хөгжих боломж бүрдэх аж.
Хөвсгөл аймаг 1996 оноос эхлэн Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөртэй хамтран ажиллаж иржээ. Энэ хугацаанд “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт 1,5 сая долларын 24 төсөл амжилттай хэрэгжсэн байна. Хөвсөгл аймагт өнөөдрийн байдлаар Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”, Улаан-Уул, Цагаан-Үүр суманд “Зуд болон ойт хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөл, Японы JAICA байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг сайжруулах төсөл”, Япон улсын гадаад оронд ажиллах “Сайн дурын ажилтан”-ы хамтын ажиллагааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа ажээ.
Б.Гантуяа
 
 
 
 
 
Холбоотой мэдээ