top banner

Зам даваа хаагдаж болзошгүй байна


2018-02-09 16:23:25
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Өндөрдов, Дундговийн ногоон довын чиглэл, Баянчандмань 52, 124 даваа орчимд цасан шуурга ихтэйгээс үзэгдэх орчин хязгаарлагдмал байна гэж аймгийн ЗЦТ-аас мэдээллээ.

Одоогоор Төв аймгийн Лүн, Эрдэнэ, Баян зэрэг сумдаар цасан шуурга гайгүй байгаа бол Налайхаас дөрөвдүгээр зөрлөг хүртэл шуургатай байна. Цасан шуурганаас болж аймгийн хэмжээнд гарсан осол, хаагдсан зам даваа байхгүй байна. 

Цасан шуурга ихээр шуурч байгаа авто замуудад Төв АЗЗА, Баянчандмань АЗЗА, Налайх АЗЗА-ууд шуурхай ажиллаж байгаа бол бусад Багануур АЗЗА, Эрдэнэсант АЗЗА бэлэн байдалд байна.

“Удахгүй харанхуй болж, зам давааны орчим үзэгдэх орчин муудаж, хаагдаж магадгүй. Учир нь цасан шуурга хоёр өдөр турш тасралтгүй шуурч байгаагаас замын хажуугаар хунгарласан цас эргээд замруу түрж, зам нарийсах нөхцөл байдал үүсч байна. Энэ талаар бид цаг тутамд ЗЦГазарт мэдээлж байгаа гэж Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Үүрийнцолмон хэлсэн юм.

Иргэдийг холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хурдаа тохируулж явах, онц шаардлагагүй бол цасан шуургатай үед холын замд гарахгүй байхыг албаны хүмүүс анхааруулав.

Т.Есүхэйтөмөр


Монгол брэнд