Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг дэмжжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-09 16:11:26
СӨҮЛ. /ТАСС/. АНУ Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах бодолтой байгааг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин дэмжжээ. Энэ тухай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
Өнгөрсөн пүрэв гарагт Пхеньянд болсон цэргийн жагсаалыг өдөөн хатгалгын бас нэг хувилбар үргэлжилж байна гэж М.Пенс тодорхойлжээ. Пхеньянд болсон цэргийн жагсаалыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун биечлэн үзсэн бөгөөд жагсаалын үеэр АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадалтай "Хвасон-14" болон "Хвасон-15" тив алгасагч баллистик пуужингуудыг нийтэд харуулсан байна.
 
Өмнөд Солонгос улсад хийж буй М.Пенсийн айлчлал өнгөрсөн пүрэв гарагт эхэлж, тэрээр тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзсан юм. Уулзалтын үеэр талууд хоёр улсын цэргийн бат бөх холбоог бататган, Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулахын тулд үргэлжлүүлэн шахалт үзүүлэхээр тохиролцжээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ