Багууд тахиа жилийн шилдгүүдээ тодруулж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-02-09 15:32:02
Увс /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан Увс аймгийн 19 сумын 92 багийн Иргэдийн нийтийн хурлууд энэ өдрүүдэд хуралдаж байна. Энэ үеэр багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа багийнхаа ард иргэдэд тавьж, оны аварга тэргүүнүүдээ шагнаж урамшуулж байгаа аж.
Багуудын ИНХ-д аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон тухайн сумын удирдлагууд нь оролцож, аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийхээс гадна аймаг орон нутгийн шагналаар шагнагдсан иргэдэд шагналыг нь гардуулан өгч байна. Тухайлбал, “Аймгийн аварга малчин”, “Аймгийн тэргүүний тариаланч” цолоор шагнагдсан иргэдэд шагналыг аймгийн удирдлагууд өөрсдийн биеэр очиж гардуулан өгч байна. Тэрчлэн зарим багуудын өдөрлөгийн үеэр атан тэмээний уралдаан, хүчит бөхийн барилдаан, морь бугуйлдах, ташуур шүүрэх зэрэг тэмцээн зохиогдож байгаа аж. Энэ жил Увс аймгаас “Аймгийн аварга малчин”-аар 50, “Аймгийн тэргүүний тариаланч”-аар 11 хүн шагнагдсан бол “Улсын сайн малчин”-аар 6, “Улсын тэргүүний тариаланч”-аар 3 хүн шагнуулсан бөгөөд одоогоор улсын сайчуулын шагналыг олгоогүй байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ