top banner

Баян-Өлгийд 26 мянга гаруй толгой мал хээл хаяжээ


2018-02-09 14:41:36
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Булган суманд өвөлжилт одоогоор хэвийн, Сагсай сумын дөрөвдүгээр баг, Улаанхус сумын зургадугаар баг болон Цэнгэл сумын Борбургас, Цагаан түнгэ нутгаар цагаан зудтай байгаа талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Түүнчлэн Улаанхус сумын Согоог баг, Алтай сумын нийт баг, Баяннуур сумын Цагаан арал, Дэлүүн сумын Хар уул, Тал нуур, Саралагаз, Борцоохор, Толбо сумын Хонгорөлөн, Дөрөөнуур, Бураат багууд цагаанаар зудархуу, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Баяннуур, Толбо, Дэлүүн сумдын үлдсэн багууд, Алтанцөгц, Бугат, Буянт, Ногооннуур сум, Цагааннуур тосгон хараар зудархуу байгаа талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Энэ өвөл Баян-Өлгий аймагт 2226149 толгой мал өвөлжихөөс 4825 өрхийн 1178136 толгой мал цас ихтэй нутгуудад өвөлжиж байна. Үүнээс 574 өрхийн 219189 толгой мал оторт байгаа аж.

Нийтдээ 8709 толгой мал зүй бусаар хорогджээ. Мөн 26199 толгой мал хээл хаясан байна. Хээл хаясан нийт хээлтэгчийн 92 хувь нь ямаа юм. Өвөлжилт хүндэрсэн нутгийн малчдад аймгийн нөөцөөс 6900 боодол, сумдын нөөцөөс 257 тонн өвс тус тус тараажээ.  

Мэргэжлийн байгууллагын дүгнэснээр цаашид цас нэмж орж, цасан болон шороон шуурга шуурвал  мал аж ахуйд улам хүндрэл учруулж, тогтоосон зудны зэрэглэл ахих магадлал өндөр байгаа ажээ. 
 

 Ө.Нурболат


Монгол брэнд