Сар шинийн баярын бэлгэнд ном худалдан авахыг уриалав

Монголын мэдээ | Нийгэм
mn_tuul@montsame.mn
2018-02-09 13:52:52
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Номтой нөхөрлөе" клуб, "Нисдэг ном" төсөлтэй хамтарч энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Эрээний бэлгээс-Эрдмийн бэлэг рүү” уриатай номын үзэсгэлэн худалдааг Их Монгол цогцолборт гаргахаар болжээ.

Тус үзэсгэлэнг зохион байгуулагчид өнөөдөр энэ талаар "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. "Нисдэг ном" төслийн зохицуулагч Б.Ганбаатар, “Үзэсгэлэн худалдааны зорилго маань элдэв нэмэгдэл үнэгүйгээр уншигчдын гарт номоо худалдаалах явдал юм. Өөрөөр хэлбэл, манай үзэсгэлэн худалдаагаар ирж үйлчлүүлсэн тохиолдолд өөрийн сонирхсон номоо зохиогчийн үнээр зах зээл дээрхээс илүү хямд үнээр авах боломжийг бид олгож байна” гэлээ.

“Номтой нөхөрлөе” клубын нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, “Сар шинийн баяраар нэг удаа хэрэглээд дуусах эд зүйл биш,  бие биедээ оюуны бэлэг бэлэглэх нь илүү үнэ цэнэтэй. Түүний зэрэгцээ нийтээр ном уншдаг соёлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс бид жил бүр уг үзэсгэлэнг гаргадаг. Тиймээс цагаан сарын баярын бэлгэнд ном худалдан авахыг уриалж байна” гэв.

Д.Сарантуяа
Холбоотой мэдээ