top banner

Монгол ардын суут ба метамодернизмын хэлбэршил


2018-02-09 13:48:28
Зураг

Өнгөрөгч онд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулагдсан гурван жүжиг тайзнаа тавигдаж, урансайхны кино хүртэл гарсан билээ. Улсын Драмын Театрын хамт олон Ш.Гүрбазарын бичсэн “Жаргаагүй нар” жүжгийг Ч.Түвшиний найруулгаар тайзнаа тавьсан нь нэгэн шинэ түүхийн хуудас бүтээж, театрын урын санд шинэ жүжиг нэмэгдэв. Тус жүжгийг энэ оны нэгдүгээр сарын хаалтын үзвэрээр сонгоход мөн л суудал дүүрэн үзэгчид үзэж, нижигнэсэн их алга ташилтан дор жүжиг өндөрлөсөн юм.

Харин үлдсэн нь зохиолч П.Батхуягийн бичсэн "Үйлийн гурван чулуу", Ц.Хулангийн “Монгол ардын суут” зэрэг жүжгүүд. Үүнээс хамгийн их хүмүүст хүрсэн “Жаргаагүй нар” бүтээлд Д.Нацагдоржийн бага наснаас өгсүүлэн “халих” хүртэлх бүхий л явдлыг тоочин өгүүлсэн байдаг бол дээрх хоёр жүжиг урансайхны тал руу илүү хандаж, зохиолчийн намтарыг шинэ соргог санаагаар баяжуулж, жүжгийнхээ төгсгөлд хүртэл “метамодернизм” маягийн гаргалгаа нэмж өгсөн нь харагдана.

Судлаач Вилсоны үзсэнээр бол жүжгийн зохиолд туйлт (climactic) болон цуваа (еpisodic) гэсэн хоёр үндсэн бүтэц, хэлбэр байдаг байна . Туйлт бүтэц нь зөвхөн нэг гол зөрчлийг шийдэж, богино цаг хугацааг хамарсан үйлдэл, үйл явдлыг харуулдаг бол цуваа нь харьцангуй урт удаан цаг хугацааг хамарсан, шилжилт ихтэй. Үүнээс үзэхэд “Монгол ардын суут” жүжиг “туйлт” бүтцээр бичигдсэн нь илт байна. Гол сэдэв нь Д.Нацагдоржийн сүүлчийн шөнийн тухай. Харин зорилго нь түүний хүсэл тэмүүлэл, үзэл санааг хойч үеийн бидэнд ойлгуулахыг хичээсэн нь тодорхой.

Уг чанартаа “Монгол ардын” суут жүжгийн “текст”, дууны найруулга, гэрэл, тайзны зураг зэрэгт өөлчихмөөр эсвэл бүр онцгойлчихмоор зүйл юу ч байсангүй. Энэ нь үзэгч хэмээх “би”-д төрсөн анхны сэтгэгдэл. Бүх зүйлийг байх ёстой хэмжээнээс нь хэтрүүлж эсвэл дутаалгүйгээр хийсэн байна. Энэ бол мэдээж Б.Баатар найруулагчийн гавьяа гэдгийг онцлон дурдууштай.

ХАР ЭРВЭЭХЭЙН ЗӨН буюу НАЙРУУЛАГЧИЙН ЧӨЛӨӨТ БОЛОМЖ

“Харанхуйд тайзнаа лаа асч, түүн рүү дэнгийн улаан, цэнхэр, гэх мэт өнгийн эрвээхэйнүүд дайран шархийн шатаж, лааны гэрэл үе үе  далдиран, үзэгчдийн танхим ч тэр аяараа дэнгийн эрвээхэйний нүүдэлд автахыг проектороор үзүүлнэ”.

Эх зохиолд ийнхүү өгүүлжээ. Өдрийн цагаар өвс, ургамал дор нуугдаж шөнийн цагаар л идэш тэжээлээ олохоор гардаг дэнгийн эрвээхэйг монголчууд “бүгэг” гэж нэрлэдэг.

Жүжигт Д.Нацагдорж уушийн газарт согтуурч хэсэгхэн зүүрмэглэх зуур Пагмадуламтайгаа зохиол бүтээлээ бичиж, харилцан уншилцаж байсан арван хэдэн насны сайхан цаг мөчүүдийн тухай зүүдэлдэг. Гэнэт тэдний инээд айдсаар солигдож дэнгийн эрвээхэй үй олноор үзэгдэх мөчид түгшүүртэй ая эгшиглэнэ. Цөвүүн цагийн дохио хангинаж байна. Бичиг номын эрдэмтэд, сэхээтнүүдийг хилс хэрэгт гүтгэн, тодорхой хийсэн гэм нүгэлгүй ч шоронд хорьж, ял оноодог байсан цөвүүн цагийг шөнө л гарч хоол тэжээл хайдаг дэнгийн эрвээхэйнүүдээр төлөөлүүлсэн санагдана.

Оросын тайз дэлгэцийн урлагийн онолч, найруулагч В.Э.Мейерхольд “Юуны түрүүнд жүжигчин, найруулагч хоёр жижиг хэсгүүд дээр хамтран ажиллахад найруулагчийн арга ажиллагаатай холбоотой хоёр өөр чиглэл ажиглагдаж байна. Үүнд: нэг арга нь жүжигчний төдийгүй үзэгчийн бүтээлч хандлагыг нухчин дарамталдаг; нөгөөх нь жүжигчнийг төдийгүй үзэгчийг чөлөөтэй эрж хайж ургуулан бодох боломжоор хангах нөхцөл бололцоог бүрдүүлдэг” хэмээсэн буй.



Харин Б.Баатар найруулагч зохиолчийн бичсэн шиг олон өнгийн эрвээхэйг бүтээсэнгүй. Тайзыг бүхэлд нь бүрхсэн дэнгийн эрвээхэйнүүд хар өнгөтэй л байв. Мөнхүү энэ үйл явдал жүжгийн төгсгөлд бус дундуур нь үзэгдэх аж. Найруулагч жүжгийн тайзан дээр шинээр зохиомжилж, найруулан тавьдаг бололтой. Тиймдээ ч үзэгчдэд “эрх чөлөөтэй эрж хайж ургуулан бодох” нөхцлийг Б.Баатар найруулагч бүрдүүлж өгч буй юм.

Нэрт найруулагч Ёжи Гротовски “найруулагч бол мэргэшсэн үзэгч” гэж дүгнэжээ. Мэдээж найруулагч өөрөө жүжгийн хувьд анхны үзэгч нь байдаг. “Монгол ардын суут” жүжгийг унших явцад л тайз засал, тавилт зэрэг нь найруулагчийн тархинд төсөөлөгдөж хэдийн үзэгчдийн суудалд шилжчихсэн байх боломж өндөр. Тийм учраас тухайн зохиолын өө сэвийг далдалж, тайзанд шинийг дэглэн тавьж, амь халуун жүжиг үзэгчдэд хүргэхийн тулд өөрөө ч “үзэгчийн суудал” руу шилжинэ.
Харин одоо эндээс тайз руу хараагаа чиглүүлцгээе.

МЕТАМОДЕРНИЗМЫН ХЭЛБЭРШИЛ

Жүжигт долоон дүр бий. Дөрвөн бэсрэгхэн үзэгдэл бүхий тус жүжгийн тайз нь “модон тэрэг”. Найруулагчийн уран шийдэл тайзны агуулга дээр бүр ч тодхон харагдана. Өнөөх тэрэгний ганц нь модон дугуйтай бөгөөд бусад нь гурвыг тухайн нийгэмд хэрэглэж байсан эд зүйлстэй холбож өгчөө. Хаймран дугуйнууд нэгэн агшинд үл зогсох мэт хурдаар эргэлдэж нацист болон улаан террорын хөгжим нүргэлж өөрийн эрхгүй цөвүүн цагийн тухай бодоход хүргэнэ. Нүргэлэх аялгууг зүсэн гэрэл тайзны баруун тал руу шилжихэд адууны толгой үзэгдэнэ. Тэрхүү толгой нэг тодорч басхүү далд орох бөлгөө. Эх зохиолд Д.Нацагдорж хүнтэй ноцолдон морио алдаж буй тухай өгүүлдэг бөгөөд үүнийг найруулагч хэрхэн урнаар шийдэж өгснийг үзэгчид ойлгосон гэж найдна.



Бороо орох сонстож Д.Нацагдорж босч чадалгүй, тэрэгчин өвгөнөөс “Спартак” буудал хүргэж өгөхийг гуйна. Харин өвгөнд өгөх бэлэн мөнгө зохиолчид байгаагүй учраас тэрэгчин үл зөвшөөрөх буюу тайз харанхуйлдаг. Үүний дараагаар зохиолч босч янжуур татах гэсэн боловч гал асч өгөхгүй тул шившин хаячихаад нэгэн тийш гуйвлан алхдаг. Ийнхүү “Спартак” буудлын жижүүр түүнийг үл оруулна. Яг энэхэн мөчид “хар хүн” түүн дээр ирдэг. Энэ бол эрлэгийн элч буюу “үхэл” өөрийн биеэр морилсон нь тэр юм. Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгээс авахуулаад Ингмар Бергманы “Долоо дахь хориг” кино зэрэг олон бүтээлд ийм шийдэл гардаг. Мэдээж үхлийн элчийн дүр нь зайлшгүй хувь тавилангийн ээдрээт утсыг тасалж, оршихуйгаас чөлөөлж өгөх дүрээр жүжигт морилдог ч уг санаагаа зохиолч онцгойлон гаргаж өгсөнгүй.

Эхэнд тайз харанхуйлахаас дараах бүхий л үйл явдал хоосон аж. Нацагдоржийг үхэл буюу “хар хүн” хэдийн авч одсон байдгийг төгсгөлд үзүүлсэн нь харин нэлээдгүй онцлогтой болсон бөгөөд Д.Нацагдоржийн ойд зориулан тавигдсан өмнөх хоёр жүжгээс “эрс” ялгаралт үүсгэж байсан нь олзуурхууштай хэрэг.

Нөгөөтэйгүүр “хар хүн” Нацагдоржийн өрөвдөж, гэмгүй цайлган сэтгэлтэйд нь уярч, тэр бүү хэл чи бол “Монгол ардын суут” хэмээдэг. Нөгөө талаар хэтэрхий харгис нэгэн ч мэт харагдана. Мэдээж зохиолчийн талаар илүү урлагжсан хэлбэртэй, үзэгч бус уран бүтээл тал руу хандуулан модернизм маягаар илэрхийлэх аргаа өөрчилжээ. Харин постмодернизмын тайз болоод триллер маягийн төгсгөл нь бүх зүйл нэгэнт дууссан, үйл явдал анхнаасаа эцсээ хүртэл хуурмаг хоосон, Нацагдорж хэдийн амь тавьчихсан мөртлөө үүнийгээ мэдээгүй явсан зэрэг өгүүлэмжээс постмодернизмын үнэр ханхалж байна. Тэгвэл энэ хоёрын сүсэлдээн юу үүсгэж байна вэ?

2010 онд Нидерландын философич Тимотеус Вермюлен, Робин ван дер Аккер нар метамодернизм гэх шинэ урсгалын талаар онцлон дурдаж, нээсэн байдаг. Постмодернизмын хатуу шог болоод тохуурхлыг давж идеализмын талд урвахад энэ үзэгдэл чухал нөлөө үзүүлнэ. Угаас практик суурь бус онолын урьдач нөхцөл нь энэ үзэл болдог.

Хар хүн өөрийн биеэр Нацагдоржийг авахаар ирсэн ч энэ нь туйлийн үнэн гэсэн үг биш. Метамодернизмын үүднээс Нацагдорж амьд хэвээр эсвэл оршихуйд дахин байх боломжтой. Тиймдээ ч хар хүн /эрлэгийн элч/ “Нам засагаас уучлал гуйх хэрэгтэй, тэгвэл чи үлдэж, сайхан амьдрах” болно гэсэн үгсийг ч хэлдэг шүү дээ. Тэр үед үхэл зохиогчийг аваад “саахалтын зайтай” холдоогүй байсан ба энэ нь метамодернизмын хэлбэршил жүжигт тусгагдсаныг харуулжээ.

Мөнхүү Нацагдоржийг үхсэн хойно үлдсэн хүмүүс түүний ууж байсан аяганаас ууж бие биедээ дамжуулдаг. Эцэст нь хар хүн тэрхүү аягыг дөнгөж төрсөн хүүхдэд дамжуулж өгнө. Хойч үеийнхэн бид түүний оюуны үнэт зүйлсээс суралцаж, “хуучин хүү, шинэ хүү” болж буй утгыг энд агуулжээ. Аяганд ус дуслах дуун дуулдсаар, түүн дээр ташуу гэрэл тусна. Үнэн ганцхан байх боловч олон илэрхийлэлтэй зүйл гэх метамодернизмын ойлголт төгсгөлөөс мөн ийнхүү харагдаж байна.

Бас нэг жишээ: Нацагдорж хэдийн үхсэн, тохиолдсон бүхэн нь хий хоосон гэдгийг усан борооноор богд ууланд донгодсон хөхөөний дуунаар мэдэх ч “Үүрээр хийморьтойхон шиг  буцдаг хэрэг ээ. Тэгээд хэзээ нэгэн цагт яг үүрээр, үүр жинхэнэ хаяарах тэр цагт, эх сайхан монгол хэлээрээ элгэн хайртай миний монголчууд бие биенээ  ойлгодог болсон тэр л цагт” хэмээн хэлнэ. Хачин жигтэй байдалд өнгөрүүлсэн шөнө болоод хайр сэтгэл, эргэн дурсахуй, зүүд ба хар эрвээхэй, одоо ч өөрийнх нь сүнстэй ярилцан зогсоо үхлийн элчийн парадокс түүнтэй мөрийцөх гэж буй зэргээс үзэхэд аливаа үйл явдал бүрийг нарийн тунгааж, үзэгдэл бүрт олон талтай хандаж, материаллаг оюун санааны тэнцвэрийг хадгалсан метамодернизмын шийдэлтэй гэдэг нь илт ажиглагдана.

УРЛАГИЙН ТӨЛӨӨ УРЛАГ

Урлагийн төлөө урлаг гэх солпсилис үзлийн тухай уншигчид мэдэх буй за. Харин Д.Нацагдоржийн хувьд энэ үзлийн эсрэг бүхий л уран бүтээлээ зориулсан бөгөөд “бүх нийтийн төлөөх” хандлага түүнд давамгайлж байсныг шүлэг, жүжгүүд нь илтгэдэг. Түүний жүжгүүд нь ихэнх шүлгээсээ эрс ялгаатай боловч эрч хүч, сэтгэл түгшим байдлаараа ялгардаг. Хөдөөгийн сэдэвт өгүүллэгүүдэд нь уран яруу дүрслэл зонхилох ч сэтгэл зүй ба нийгмийн хүчин зүйлсийг далд утгаар хамаатуулж, хориг саадтай цаг үеийн байдалд мөргөлдүүлэхдээ бичгийн бүхий л чадвараа дайчилдаг зохиолч байжээ.



Утга зохиол судлаач Х.Чойдогжамц “Авьяас заль хоёр нэгэн дор багтдаггүй” шүүмж дээ Чухамдаа Д.Нацагдорж, Д.Нацагдоржийн тухай бүтээл хоёр "өөр" байх учиртай...” гэж цохон тэмдэглэсэн байна. Тийм учраас Д.Нацагдоржийн ихэнх бүтээлүүд “бүх нийтийн төлөөх” хандлагатай байсан бол түүний тухай жүжиг “солпсилис” үзэлтэй байх нь хамгийн зөв шийдвэр. Магадгүй зохиолч Ц.Хулан үүнийг анзаараагүй байсан ч Б.Баатар найруулагчийн бүхий л шийдэл нь урлагийн төлөөх урлагийг “Хүүхэлдэйн театр”-т бүтээж чадлаа.
 
Тоймч: Б.Алтанхуяг

Монгол брэнд