Газар доорх хөлдсөн шугамуудыг засварлаж байна

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-02-09 09:11:21
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Онцгой комисс өвөлжилтийн нөхцөл байдал, гамшгийн эрсдлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өчигдөр хуралдлаа. Хуралд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон бусад удирдах ажилтнууд оролцов.
Хурлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, ”Бадамлах дөл“ ХХК-ийн дулааны станц, “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, "Шим ус" ОНӨТҮ-ийн газар зэрэг байгууллагуудын удирдлага, инженерүүд Ховд хотын өвөлжилтийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Бадамлах дөл” дулааны станцын төв шугамд гэмтэл үүсэж, Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Жаргалант сум, “Шим ус” ОНӨТҮ-ийн газар болон тус дулааны станцын удирдлага, инженерүүдээс бүрдсэн 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, шугам сүлжээний халаалтыг хэвийн байдалд оруулсан байна. Өнөөдрийн байдлаар дулааны станцын усны температур 92 градус, буцаж эргэхдээ 64 градус байна. Тус дулааны станц долоо хоногийн нүүрсний нөөцтэй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар “Бадамлах дөл” дулааны станцын гүйцэтгэх захирал Д.Анхбаяр мэдээлэв.
Сүүлийн үед хүйтний эрч чангарч, айл өрхүүд цахилгаан халаалт ашиглах нь нэмэгдэж байгаа учраас цахилгаан эрчим хүчний сүлжээнд үе үе гэмтэл, доголдол үүсч байгаатай талаар “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ерөнхий инженер У.Пүрэвдорж хэллээ.
Харин "Шим Ус" компанийн захирал Д.Нямлхагва 80 айлын орон сууцны нэг давхрын айлууд, Гаалийн 12 айлын орон сууц, нэгдүгээр цэцэрлэг, нэгдүгээр 60 айлын орон сууцны халаалт доголдож ус алдаж, зарим айлын паар хөлдсөн /голдуу эзгүй айлууд/, газар доорх хөлдсөн шугамуудыг илрүүлж засвар үйлчилгээ хийж ажиллаж байна гэсэн юм.
Хүйтний эрч сулартал ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ ажиллаж, айл өрх, албан байгууллага орон сууцны халаалт, дулаан, цахилгааны хэвийн байдлыг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Галсандондог үүрэг болгож, тус хурлаас дээрх байгууллагуудын талаар авах арга хэмжээний талаар тодорхой шийдвэр гаргахаар болов.
А.Бямбасүрэн
 
 
Холбоотой мэдээ