top banner

МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Х.Мандахбаярыг 87.5 хувийн саналаар сонголоо


2018-02-08 22:04:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Хархүүгийн Мандахбаярыг 87.5 хувийн саналаар сонголоо. 

2011 оноос хойш МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хоёр удаа хашсан Б.Галаарид өнөөдөр ажлаа өгч, шинэ ерөнхийлөгчид ажлаа шилжүүллээ. Шинэ ерөнхийлөгчид ТВ-2 телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ нар нэр дэвшсэн. Төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 155 буюу 87.5 хувийн саналаар сонгогдлоо. 
МСНЭ-ийг ирэх дөрвөн жил удирдахаар сонгогдсон шинэ ерөнхийлөгчийг батламжлах тогтоолын төслийг Их хуралд танилцуулж, МСНЭ-ийн хэтийн болон ойрын зорилтыг хэрэгжүүлж, МСНЭ-ийн дүрмийг чанд баримтлан ажиллахыг үүрэг болгов. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Үүссэн нөхцөл байдлыг зөөллөх илааршуулахын төлөө, эв нэгдлийг хангахын төлөө өдөр шөнөгүй зүтгэхээ илэрхийлж байна. Дэвшүүлслэн мөрийн хөтөлбөрөө өөрийн редакцидаа сууж байгаа мэт ажиллаж хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Та бүхний өгсөн энэ итгэлийг улам зүзаан болгож, илүү олон сэтгүүлчийг хамруулахын төлөө ажиллаж, энэ хавраас хөдөө орон нутгаар явж сэтгүүлчидтэйгээ уулзан, бүх холбоодтойгоо хамтарч ажиллана" хэмээлээ.
Одоо МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийг сонгох сонгууль болж, Бага хурлаа бүрдүүлэх юм. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд