top banner

МСНЭ-ийн ерөнхийлөгчид Х.Мандахбаяр, Д.Энхтуяа, Т.Оюун-Эрдэнэ нэр дэвшив


2018-02-08 19:59:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн XVII Их хурал Дүрмийн төслөө хэлэлцэж баталсны дараа ерөнхийлөгчийн сонгуулиар үргэлжилж байна.

МСНЭ-ийг дараагийн дөрвөн жил удирдах ерөнхийлөгчийг өнөөдрийн Их хурлаар сонгох юм. 2011 оноос хойш МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хоёр удаа хашсан Б.Галаарид ажлаа өгч, шинэ ерөнхийлөгчийг нэр дэвшүүлж байна. Их хурлын заалнаас МСНЭ-ийн ерөнхийлөгчид ТВ-2 телевизийн үүсгэн байгуулагч Д.Энхтуяа, МҮОНРТВ-ийн захирал Л.Нинжжамц, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-эрдэнэ, ахмад сэтгүүлч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар нарыг нэр дэвшүүлэв. Үүнээс Ү.Хүрэлбаатар, Л.Нинжжамц нар нэрээ татсанаар гурван нэр дэвшигч өрсөлдөх боллоо. 

Нэр дэвшигчдийн хэлсэн үг, танилцуулсан хөтөлбөрийн тухайд,

Нэр дэвшигч ТВ-2 сувгийн үүсгэн байгуулаг Д.Энхтуяа, Миний хувьд1993 оноос хойш ТВ салбар ажиллаж байна. Жирийн сэтгүүлчээс редакц ахлах, тв ахлах ажлыг хийж байсан. 2017 оноос ТВ-2 сувгийг нээж ажиллаж байна. Сэтгүүлчдийн эвлэл санхүүжилтгүйгээр цааш явахад хэцүү. Олон улсад ч эвлэлүүд санхүүжилт сайтай байж хүчтэй ажиллаж чаддаг. Тиймээс МСНЭ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлж, менежментийг сайжруулан, олон улсын харилцааг өргөжүүлж, сэтгүүлчдийн боловсролыг дээшлүүлэх, дахин сургахад анхаарна.

Нэр дэвшигч МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ, Миний хувьд “Өнөөдөр” сонинд 10 гаруй жил ажилласан. Сүүлийн 3 жилд Үндэсний зөвлөлийн гишүүн. Өнөөдрийн хурлаас харахад сэтгүүлчид бид өөрсдийгөө хамгаалах зайлшгүй шаардлага гарч байна. Цаашдаа МСНЭ-ийн үйл ажиллагаанд сэтгүүлч бүр идэвхтэй оролцож, менежментийг сайжруулах ёстой юм.  МСНЭ-ийг яах аргагүй сайн менежер авч явах нь зөв юм. 

“Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, Өмнөговь аймгийн МАН-ын үүрийн даргаар ажиллаж байсан. Энэ үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, намын гишүүнчлэлээс татгалзана. МСНЭ-ийн дүрэм журмыг хүндэтгэн орж ирж байна. МСНЭ 67 дахь жилдээ үе үеийн сэтгүүлчдийн нуруун дээр өнөөдрийг хүртэл амжилттай явж ирсэн. Мэргэжлийн хараат бус сэтгүүлзүйг төлөвшүүлэх, сэтгүүлчдийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, сэтгүүлчийн ёсзүй хариуцлагыг дээшлүүлж, хариуцлагажуулах, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв гэж үздэг. Үүний дээр эрүүл мэндийн болон эрсдлийн даатгал зэрэгт сэтгүүлчдийг хамруулахад онцгой анхаарна. Хоёр дахь том зорилт бол сэтгүүлзүйн салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үздэг. Сэтгүүлзүйн салбарын хуулийн төслийн ажлын хэсгийг МСНЭ-ийн дэргэд байгуулж, лобби бүлэг байгуулж чадвал бид хуулиа батлуулж чадна. МСНЭ Ажлын албыг 20 хүний бүтэцтэй байгуулж, Төсөл хөтөлбөр, Гадаад харилцааны хэлтэс, Хамтын оффисыг дэргэдээ байгуулах нь зөв. Сэтгүүлчийн санхүүгийн эрх чөлөөг дээшлүүлэхгүйгээр хэвлэлийн эрх чөлөөг дээшлүүлэх боломжгүй гэж би үздэг.

Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа хурлын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна. Дараа нь санал хураалт явуулж, дийлэнх олны санал авсан нэр дэвшигч МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдох юм. Их хуралд нийт 181 төлөөлөгч оролцож, ирц 78.1 хувьтай байна. 
Н.Гантуяа 
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд