Дорнод аймагт шилжин ирэгсдийн тоо 12 хувиар өсчээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-02-08 19:49:58
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт шилжин ирэгсдийн тоо 12 хувиар өссөн таатай мэдээ гарлаа. Түүнчлэн, 2017 онд тус аймгаас 486 иргэн шилжин явсан нь өмнөх онтой харьцуулахад 60 хувиар буурсан үзүүлэлт юм.
Шилжин явагсад цөөрч, шилжин ирэгсэд нэмэгдсэн нь Улаанбаатар хотын утаатай холбоотой хэмээн холбогдох албаныхан тайлбарлаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын утаа аюулын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор нийслэл хот руу ирэх шилжих хөдөлгөөнийг зогсоосон. Үүний дагуу, эрүүл мэндийн шалтгаантай болон орон сууц худалдан авсан тохиолдолд л нийслэл хот руу шилжин явагсдыг бүртгэж байгаа аж.
Сонирхуулахад, Дорнод аймгийн хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар 79.5 мянгад хүрч, өмнөх жилүүдийнхээс 2.2 хувиар өссөн. Нийт хүн амын 56.3 хувь нь аймгийн төвд, 17.3 хувь нь сумын төвд, 26.4 хувь нь хөдөө амьдарч байгаа юм. 

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ