top banner

“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадам маргааш эхэлнэ


2018-02-08 15:47:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадам маргааш албан ёсоор эхлэхэд бэлэн болжээ.

Цагаан олимпийн наадмын нээлтийн ёслол баасан гарагийн орой Улаанбаатарын цагаар оройн 21 цагаас эхлэх бөгөөд өнөөдрөөс биатлоны спринт уралдаан, люж чарга, трамплин харайлтын бэлтгэл сургуулилт эхэлжээ. БНСУ-ын зүүн хойд нутгийн Канвонь-ду аймгийн Пёнчан хотноо болох өвлийн олимпийн XXIII наадамд зориулж хэд хэдэн том бүтээн байгуулалт хийсэн юм.

"Пёнчан - 2018" цагаан олимпийн уралдаан тэмцээнүүд болох цэнгэлдэх, ордон болон газруудын талаар товч сонирхуулахад, Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэнд “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын нээлтийн ёслол болно. Дөрвөн өмнөөс баригдаж эхэлсэн олимпийн цэнгэлдэх хүрээлэн нь 2017 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтанд орсон. Олимпийн цэнгэлдэх 35 мянган хүний суудалтай бөгөөд 78 сая ам.долларын өртгөөр боссон байна. Тус цэнгэлдэх хүрээлэнд 5 тивийн 92 улсын баг тамирчид жагсан орж ирснээр олимпийн нээлтийн үйл ажиллагаа эхэлж, “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын бамбар бадамлан асах юм.

Каннэ ордон: Битүү дээвэртэй тус ордныг 2013-2016 оны хооронд барьж дууссан бөгөөд нийт 85 сая ам.долларын өртгөөр боссон. 12 мянган хүний суудалтай ордонд уран гулгалт болон шорт-трейкийн спортын төрлүүд болно.


Каннэ хоккейн ордон: Өвлийн олимпийн эрэгтэй хоккейн тэмцээн явагдах ордныг 2016 онд ашиглалтад оруулсан. Нийт 10000 хүний суудалтай энэ ордон 90 сая ам.долларын өртөгтэй боссон байна.

Каннэ овал: 400 метрийн тойрог бүхий зууван хэлбэртэй ордонд гүйлтийн тэшүүрийн уралдаан болно. Тус ордныг 2014 оны аравдугаар сард барилгын ажлыг нь эхлүүлж  байсан бол хоёр жил гаруй хугацаан дараа буюу 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулж байжээ. 8000 хүний суудалтай ордонд өнгөрсөн оны гүйлтийн тэшүүрийн ДАШТ болсон.

Каннэ заал: Олимпийн хотхоны хамгийн “хөгшин” барилга бол кёрлингийн тэмцээн болох Каннэ заал юм. 3500 хүний суудалтай. 1998 онд ашиглалтад оруулж байсан. Харин Пёнчаны олимпийн наадамд зориулан 2015 оны аравдугаар сард шинэчлэн засварласан. Энэ зааланд 1999 оны Азийн өвлийн наадмын шайбтай хоккейн уралдаанууд явагдаж байсан.

Квандогийн Католик Их сургуулийн заал: 60х30 метрийн мөсөн талбай бүхий ордны барилгын ажлыг 2014 оны зургадугаар сард эхлүүлж, 2017 оны хоёрдугаар сард бэлэн болгосон. 6000 хүний суудалтай энэ зааланд олимпийн эмэгтэй хоккейн тэмцээн болно.


Алпенсиа гүйлтийн цанын төв: Алпенсиа дахь тус байгууламжийг 1995 онд ашиглалтад оруулсан бөгөөд сүүлд 2009 онд сэргээн засварласан. Тус баазад олимпийн наадмын биатлон болон гүйлтийн цанын төрлүүд явагдана. Энд манай цаначид хурдаа сорих юм.

Алпенсиа слайдинг төв: Алпенсиа бааз дахь энэ төвийг олимпийн наадам зориулан 2016 онд барьж ашиглалтад оруулсан. 7000 хүний суудалтай тус байгууламж нь 114.5 сая ам.долларын өртгөөр боссон. Энд олимпийн чарганы төрлүүд болох люж, бобслей, скелетоны төрлийн тэмцээнүүдийг явуулна.

Алпенсиа цанын харайлтын бааз: 2008 онд ашиглалтад орсон бөгөөд 13500 хүний багтаамжтай. Цанын харайлтын баазад олимпийн наадмын трамплин харайлт, цанын хоёр төрөлт болон сноубордын биг эйр төрлүүд явагдана.
 
Драгон цанын бааз: Өмнөд Солонгосын хамгийн том цанын бааз болох Ёнпхён буюу Драгон цанын баазыг зуны цагт гольфийн төв болгон ашигладаг. Энд уулын цанын слалом болон жиант слалом төрлийн уралдаан болно.

Бокван парк: Канвонь-ду аймгийн Бонгпён тосгонд байрлах энэхүү цанын баазад цанын чөлөөт үзүүлбэр болон сноубордын тэмцээн болно. 

Чунбон уулын цанын төв: Пёнчанаас холгүй орших уулын цанын тус баазад олимпийн наадмын уулын цанын доунхилл, супер-жи болон комбинот төрлийн тэмцээн болно. Энд нэг дор 6000 хүний хүлээн авах боломжтой.

    

Монгол брэнд