top banner

Идэш тэжээлгүйгээс 40 гаруй буга, 30 гаруй аргаль үхэж үрэгджээ


2018-02-08 15:37:46
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цас их орсны улмаас өвсөн тэжээлтэй амьтад үхэж үрэгдэх явдал багагүй гарч байна. Одоогоор 40 гаруй буга, 30 гаруй аргаль үхсэн гэх мэдээллийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Ц.Батгэрэлээс авлаа.
Халиун буга байршин нутагладаг Зүүнхайрхан, Дөлгөөнхайрхан, Дулаанхайрхан зэрэг уулархаг газрууд цас ихтэйгээс буга идэш тэжээлийн хомсдолд орж, олноороо үхэж байгаа аж. Аймгийн БОАЖГ нь 2017 оны 11 сараас эхлэн биотехникийн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа боловч байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан бэрхшээл тулгарч байгаа юм.
Өнөдрийн байдлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Зэвсэгт хүчний 256 дугаар ангитай хамтран 200 боодол өвс, 10 шуудай хужирыг Есөнзүйл сумын нутаг Дөлгөөнхайрхан ууланд байрлаж буй халиун буганд тавьж өгөх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Идэш тэжээлийн хомсдлоос болж зэрлэг амьтад үхэж үрэгдэх болон төв суурин газар, малын хашаа руу орж ирэх явдал их байгаа тул хяналт хамгаалалтыг хэрхэн тавьж байгаа талаар аймгийн МХГ-ын БО-ны хяналтын улсын ахлах байцаагч С.Ганчимэгээс тодрууллаа. “Байгаль орчны хамгаалах тухай хууль, Амьтны тухай хуульд заасан заалтын дагуу хяналт тавин ажиллаж байгаа. Одоогоор хууль бусаар агнасан зөрчил илрээгүй, харин ууландаа болон айлын хашаанд орж үхсэн амьтдад Мал эмнэлэгтэй хамтарч лабораторийн шинжилгээ хийлгэсэн. Гадны ямар нэг нөлөө байхгүй, харин ходоодноос нь элснээс өөр юм гараагүй учраас идэш тэжээлийн дутагдлаас болж үхсэн гэж үзэж байгаа” гэх хариултыг өгөв.
Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор “Ховор амьтан”-ны зэрэглэлд орсон амьтан бөгөөд Монгол орны хөхтөн амьтны Улаан дансанд бичигдэн устаж болзошгүй ангилалд багтсан байдаг аж. Тиймээс БОАЖГ-аас бүх сумдын байцаагч, байгаль орчны хамгаалагч нарт цаг үеийн мэдээллийг тухай бүрт өгөх, биотехникийн арга хэмжээ авах үүрэг чиглэл өгөөд байна.
Б.Батчимэг








 

Монгол брэнд