top banner

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар улсад тэргүүллээ


2018-02-08 14:28:50
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар 2017 оны ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүллээ.
Өнгөрсөн онд тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтаар Мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулсан, Зүүнбаян-Улаан, Хужирт суманд үйл ажиллагаа нь зогссон байсан сүүний үйлдвэрүүдийг сэргээн менежментийн гэрээг шинээр байгуулж үйлдвэрлэлийг эхлүүлсэн, малын эрүүл, тайван бүсээ хадгалж чадсан, “Малын чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, долоон суманд малчдын зөвлөлгөөнийг зохион байгуулсан зэрэг олон томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, үйл ажиллагааг явуулсан юм.
Мөн оёдлын, арьс ширний үйлдвэр, цехүүдийг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлж, төмс, хүнсний ногоог орчин үеийн аргаар боловсруулж, хилийн бүс нутгуудтай цагаан идээний худалдаа, солилцоо хийн гадаад харилцааг өргөжүүлсэн, брэнд бүтээгдэхүүний тоог өсгөн баталгаажуулсан зэрэг ололт амжилт ихтэй байна. “Улсын хэмжээнд салбартаа тэргүүлсэн амжилт нь манай аймгийн хөдөө аж ахуйн суурь салбар тогтвортой хөгжиж байгаагийн илэрхийлэл юм” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэллээ.
Б.Батчимэг

Сурталчилгаа
Монгол брэнд