top banner

Зургадугаар сургуулийн зарим анги танхимыг хаажээ


2018-02-08 13:46:04
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар бүрэн дунд сургуулийн зарим анги танхимуудыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хаажээ.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус сургуулийн анги танхимууд хүйтэн, сурагчид хичээл хийхэд хүнд байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өнгөрсөн сарын 29-ний өдөр албан тоот хүргүүлсэн байна.

Албан бичгийн мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид Өлгий сумын зургадугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн байранд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгалт хийжээ. Шалгалтаар сургуулийн коридор хоёр хэм, анги танхимууд 6-11 хэмийн температуртай, өрөө болгонд нэмэлт халаагуур тавьж, багш сурагчид гадуур хувцастай хичээллэж байгаа нь тогтоогджээ.

"Хүүхэд, өсвөр үеийн сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм"-д хичээлийн анги танхимын агаарын хэм 18-20 хэм байх ёстой аж. Иймд тус сургуулийн хичээлийн байрны нэгдүгээр давхрын хоёр кабинетыг энэ сарын 1-нээс эхлэн зөрчил арилтал хаасан байна.  

Өлгий сумын зургадугаар бүрэн дунд сургууль нь 400 гаруй сурагчтай бөгөөд одоо гуравдугаар сургуулийн хичээлийн нэг корпуст үйл ажиллагаа явуулдаг байна. Уг сургуулийг эдэлбэр газартай болгох, хичээлийн шинэ байр барих асуудал Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бөгөөд одоо тооцоо, судалгааны ажлууд хийдэж  байгаа ажээ.  

Ө.Нурболат


Монгол брэнд