top banner

“Олимпийн эвлэрэл”-ийн зарчмыг дагаж мөрдөхийг уриалжээ


2018-02-08 12:48:11
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын үеэр “олимпийн эвлэрэл”-ийн зарчмыг дагаж мөрдөхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уриалжээ. Өмнөд Солонгост болох энэ тэмцээнд эртний уламжлалаа хүндэтгэх нь хэзээ хэзээнээс илүү чухал хэмээн тэрбээр ил захидалдаа дурдсан байна.
 
Тэрбээр хэлэхдээ “Пёнчан хотод болох олимп болон паралимпийн тоглолтын үеэр олимпийн эвлэрлийг мөрдөн сахихыг сөргөлдөгч талуудад уриалж байна. Олимпийн гал хүн төрөлхтний эв нэгдлийн гэрэлт цамхаг мэт бадраг. Олимпийн эвлэрэл дэлхийн соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах болтугай” гэжээ. 

Спортын тэмцээн уралдаануудын үеэр түр эвлэрлийн гэрээ байгуулах уламжлал эртний түүхэн улбаатай. МЭӨ VIII зуунд эртний Грект үүссэн энэхүү уламжлал нь тэмцээн уралдаандаа аюулгүй оролцоод, гэртээ харих боломжийг тамирчдад олгодог байсан аж. 1992 онд Олон улсын олимпийн хороо "олимпийн эвлэрэл"-ийн зарчмыг дагаж мөрдөхийг уриалж байсан юм. Түүнээс хойш нэг жилийн дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблей уг санаачлагыг дэмжиж, 48/11 тоот тогтоолоор баталсан байна. 
Э.Аянзаяа 

 

 



Сурталчилгаа
Монгол брэнд