top banner

Анхан шатны тусламж үйлчилгээнд "мобайл" технологийг ашиглах төслийг өргөжүүлнэ


2018-02-08 11:54:53
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн эрүүл мэндийн салбар өнгөрсөн онд нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тусламж, үйлчилгээг үзүүлснээс 2,3 тэрбум төгрөгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэл, барилгын засвар, шинэчлэлд зарцуулжээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн урилгаар манай улсад айлчилж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын дарга, зохицуулагч нар орон нутгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйл ажиллагаатай танилцахаар Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллав.

Олон улсын байгууллагуудтай хамтран ажилласнаар аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа сайжирсан. Тухайлбал Төв аймгийн Баянчандмань суманд хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл орон нутгийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд өндөр үр дүн өгсөн талаар Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа онцлов.

Төслийг өргөжүүлэн энэ жил 14 суманд хэрэгжүүлэхээр аймаг, орон нутгаас нийт 140 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг тэрээр нэмж хэлэв. 

Мөн өнгөрсөн онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн халамж, хамгааллын тусламж, үйлчилгээг нийт 27 сумын 16 мянган хүнд хүргэсэн байна. 

Т.Есүхэйтөмөр

Сурталчилгаа
Монгол брэнд