Мөсний баяраар цаатан иргэдийн бичил хотхон байгуулна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-02-08 11:28:07
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Мөсний баяр энэ жил 19 дэх жилдээ Хатгал тосгоны Доод модот буланд гуравдугаар сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ үеэр "Олон улсын хоккейн болон уран гулгалтын баг хүрэлцэн ирж оролцох бөгөөд буриад, дархад, хотгойд зэрэг зургаан ястны онцлог тэр дундаа цаатан иргэдийн онцлогийг харуулсан бичил хотхон байгуулна" гэж зохион байгуулах комиссын дарга Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох мэдээллээ. Мөсний баярыг анх 2000 онд зохион байгуулахдаа Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлж нуураа хамгаалах зорилтын хүрээнд зохион байгуулж байсан бол энэ жил мөн "Хөвсгөл нуураа хайрлан хамгаалъя" уриан дор тэмдэглэх гэнэ.
Энэ жилийн хувьд Хөвсгөл аймаг бие даан Мөсний баярыг зохион байгуулах бөгөөд баярын өдрүүд амралтын бямба, ням гаригт таарч байгаа учраас өмнөх жилүүдээс олон иргэд, зочид ирнэ гэж үзэж иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхааран ажиллаж хууль хяналтын байгууллагын хяналт эргүүлийг тогтмол ажиллуулах ажээ.
Б.Гантуяа
 
 
 
Холбоотой мэдээ