Улсын төсвийн хөрөнгөөр шинэ рентген аппарат суурилуулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2018-02-08 11:23:56
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ суурин дижитал рентген аппарат ашиглалтад оруулав.

Өмнө нь ашиглаж ирсэн рентген аппарат 1994 оных бөгөөд 24 жил болжээ. Энэ аппарат нь рентген зураг кассетад авч, гараар угаадаг байсан бөгөөд авсан зураг чанарын шаардлага хангахгүйгээс болж, иргэдэд онош буруу тавигдах, зарим эмгэгийн сүүдэр, хугарлыг оношлох боломжгүй зэрэг хүндрэл үүсч байсныг эмч нар хэлж байв.

БНСУлсад үйлдвэрлэсэн GXR-68S загварын суурин дижитал рентген аппарат ISO:9001 олон улсын стандартын чанарын шаардлагыг хангасан бөгөөд рентгенээр оношлох боломжтой бүхий л зургийг чанартай боловсруулахаас чадалтай, нэг хүний зургийг авч боловсруулахад зургаан минут зарцуулдаг байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 60 хувь байгааг энэ жил 65 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ