Хандгай агнасан иргэдэд 20 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2018-02-08 10:27:39
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас хууль бусаар дархан цаазат амьтан агнасан зөрчил илэрчээ.
Энэ оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар хотын нэр бүхий зарим иргэд хууль бусаар хандгай болон хүдэр агнасан зөрчил илэрчээ. Эдгээр иргэдэд ан амьтны тухай хуулийн дагуу 20.000.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулаад байгаа аж. Иймээс иргэн та өөрсдөө эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг Сэлэнгэ аймгийн МХГ-аас уриаллаа.
Монгол Улсад бүх төрлийн нэн ховордсон амьтдыг агнахыг бүр 1953 оноос хуулиар хориглож, “Улаан ном”-д оруулан дархалсан байдаг байна. Амьтны тухай хуульд заасны дагуу хандгайг “нэн ховор” ангилалд хамааруулсан байдаг тул хууль бусаар агнасан нөхцөлд 20.000.000 хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг ажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ