Монголын 17 кино Европын үзэгчдийн хүртээл болов

Монголын мэдээ | Соёл урлаг
mn_tuul@montsame.mn
2018-02-08 10:18:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын Везуль хотноо өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны өдрүүдэд 24 дэх удаагаа зохиогдсон Азийн олон улсын кино наадамд Монгол Улс онцлох орноор сонгогдож, Франц Улсад суугаа Монголын Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар оролцов.

Энэ жилийн наадамд Азийн 22 орны 90 кино оролцсоноос 17 нь монгол кино байв. Наадмын тусгай зочноор Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино найруулагч Д.Бямбасүрэн, СТА дуучин Г.Мягмарсүрэн нар оролцсон юм. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн өөрийн найруулсан “Хүн чулууны нулимс”, “Амин мөр” зэрэг бүтээлүүдээ танилцуулав. Жил бүр болдог уг кино наадмыг нэг жилд 30 мянга гаруй үзэгч Франц болон Европын бусад орноос зорьж ирж үздэг байна. 
 
Мөн наадмын хүрээнд энэ сарын 2-нд “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулсан байна. Үзэгчид өргөнөөр оролцсон энэхүү арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, Монголын тухай асуулт, хариултын тэмцээн болжээ. Түүнчлэн Монгол Улс онцлох орноор сонгогдсонтой холбогдуулан Везуль хотын захиргааны байрны хашаанд наадмыг дуустал Монгол гэр байрлуулж, сонирхсон бүх хүмүүсийг сүүтэй цайгаар угтаж, монголын ёс заншил, соёл ахуйг танилцуулсан аж.
Холбоотой мэдээ