top banner

Дулааны шугам хөлдөж, шуурхай бүлэг ажиллаж байна


2018-02-08 09:32:43
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ “Бадамлах дөл” ХХК буюу хуучин дулааны станцтай холбогдсон газруудын халаалт дулаан доголдож, Ховд аймгийн төвийн зарим байрны айлуудын халаалт хөлдсөн байна. Үүнтэй холбоотой аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулж цаашид асуудлыг хэрхэх талаар хэлэлцээд халаалтыг яаралтай хэвийн горимд оруулахад төрийн болон хувийн хэвшлийн ялгалгүй хамтран ажиллахыг үүрэг болгосон юм. 

Дулааны станцын нөхцөл байдлын дагуу Эрчим хүчний зохицуулах зөвлөл шуурхай бүлэг байгуулж, дулаан хуваарилалтын горимд хяналт тавьж байна. Одоогоор 80 айлын орон сууцны 3-4 айлын орон сууцны паар, Усжуулахын 27 айлын 2-3 айлын халаалт хөлджээ.
  
Түүнчлэн хуучин Дулааны станцын  асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнасан Эрчим хүчний яам болон бусад холбогдох газруудтай яаралтай холбогдож арга хэмжээ авахаа мэдэгдсэний дээр аймаг орон нутгийн удирдлагууд уг асуудлыг дотооддоо шийдвэрлэж болох зүйлүүдийг бодлогын түвшинд нэн даруй шийдвэрлэхийг үүрэг болгожээ.
“Бадамлах дөл” дулааны станцаас халаалт авдаг хэрэглэгчдийн хамгийн их санал гомдол дагуулдаг асуудал бол шугам сүлжээний эзэмшилтэй холбоотой асуудал байдаг. Тухайлбал, төв шугамууд тус станцын мэдэлд байдаг, харин салбар шугамууд орон нутгийн өмчинд буюу “Шим ус” ОНӨААТҮГ-ын харьяанд байдаг. Гэтэл “Шим ус” ОНӨААТҮГ тус шугам сүлжээний засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийг хариуцдаг ч хэрэглэгчдийн дулааны төлбөрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй байна. Тиймээс дээрх эзэмшлийн асуудлаас болон зарим талаар засвар үйлчилгээ дорвитой хийгдэж чаддаггүй ажээ. Өөрөөр хэлбэл, эзэмшлийн харилцан уялдаагүй тогтолцооноос үүдэлтэй буюу уг асуудлыг нэг талд нь гаргаж өнөөг хүртэл шийдвэрлэлгүй ирсэн олон жилийн сөрөг үр дагаврыг цаашид зөв голдрилд нь оруулах шаардлагатай байгааг холбогдох мэргэжлийнхэн онцолж байв. 

                                                                                                                                               А.Бямбасүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд