top banner

“Ардын багшийн ач, гавьяа” номын нээлт болов


2018-02-07 17:01:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган сургууль Ерөнхий боловсролын Нэгдүгээр дунд сургууль байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн босгон дээр тус сургуулиар овоглосон багш нарын тухай өгүүлэх “Ардын багшийн ач, гавьяа” номын нээлт өнөөдөр болов. 

Маргааш буюу хоёрдугаар сарын 8 ны өдөр тус сургуулийн 95 жилийн ойн өдөр юм. Энэхүү түүхэн ойд зориулж МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, яруу найрагч Ж.Батсайхан, сургуулийн менежер Н.Манлай нарын хамтын бүтээл “Ардын багшийн ач, гавьяа” ном уншигчдын гар дээр ийнхүү очиж байна.



Энэхүү номын редактор Ж.Батсайхан: "Нэгдүгээр сургуулийн 90 жилийн ойгоор анх ном гаргах санаагаа уяж томсон хоёр л доо. Гэвч ойн өдөр тулаад зарим багшийн хөрөг болон хөрөнгө мөнгөний дутуугаас  амжаагүй юм. Түүнээс хойш бид дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэсээр энэ онд сайн санаат хүмүүсийн буянаар номоо өлгийдөн авлаа. Болох юм болох цагаа хүлээсээр бүтэх нигууртай байдаг.
Улсын тэргүүний, ямагт урдаа барьдаг энэ сургуулиас төрсөн ардын болон гавьяат багш нарын тухай багтсан энэ ном тоотой хэдэн хүний намтар төдий бус өнгөрсөн 95 жилд тус сургуульд багшилж байсан, багшилж байгаа, сурч төгссөн олон мянган оюунт хүмүүнд оюуны хишгээ түгээсэн 11 Ардын, 5 Гавьяат багшийн тухай өгүүлнэ” гэв.

Тус номонд Ардын багш Цэрэнгийн Цэвээний тухай “Нас уртасгах номын эзэн” хэмээн багтсан бол гавьяат багш Даваагийн Гомбосүрэнгийн “Захирлын инээмсэглэл”, Ширхүүгийн Зулхүүгийн “Бурханд үг хэлэх эрхтэй буянтан”, Лувсаннямын Гавалмаагийн “Багаасаа мөрөөдсөн мэргэжил минь багш”, Түндэвийн Дулмаагийн тухай "Нэгийн Дулмаа нэг л өөр" зэрэг хөрөг дурсамж-найрууллууд багтсан байна. 

Д.Өлзий
 

Монгол брэнд