top banner

ТТАХНЭ шинэ дурангийн аппарат ашиглаж өвдөгний үений хагалгаа амжилттай хийв


2018-02-07 16:06:46
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/ шинэ байранд ороод удаагүй ч энэ сарын 6-нд үений дурангийн хагалгааг анх удаа амжилттай хийв.
Харин өнөөдөр Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 7 сая еврогийн санхүүжилтээр ламнари агаарын урсгалтай өндөр түвшний хагалгааны вакум 4 өрөө бүхий орчин үеийн эмчилгээ оношлогооны бүрэн тоног төхөөрөмжтэй болоод байгаа юм.

Энэ өдөр 36 настай эмэгтэй тамирчны спортын гэмтлээс үүдэлтэй өвдөгний урд жийргэвч мөгөөрсний чагтан холбоосыг сэргээх хагалгааг ийнхүү шинэхэн эмнэлгийнхээ Гэмтэл согог судлалын тасаг /ГСЗТ/-т хийжээ. ТТАХНЭ нь цаашдаа эмч нараа дадлагажуулах, бие дааж хагалгаа хийх зорилгоор ГССҮТ-ийн захирал, доктор Т.Мөнхсайхан мэс заслын эмч С.Батсүх болон ГССТ-ийн эмч, сувилагч асрагч нараас бүрдсэн 7-8 хүний бүрэлдэхүүнтэй багийнхантай хамтран мэс ажилбарыг амжилттай хийв.  

Манай улсад энэ төрлийн хагалгааг БНСУ-ын эмч нартай хамтарч цөөн тооны хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй хийдэг. Харин улсын эмнэлгүүдээс ГССҮТ-ийн эмч нар энэ хагалгаагаар мэргэшсэн байдаг.  ТТАХНЭ нь цаашид спортын гэмтлийн чиглэлээр ажиллах бөгөөд тамирчдад тохиолддог шөрмөсний болон холбоос  гэмтлүүдэд хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Мөн тус эмнэлэг цаашдаа иргэдэд 24 цагийн гэмтлийн тусламж үйлчилгээ ч үзүүлдэг болно.

Дашрамд дуулгахад, манай улсаас үений дурангийн хагалгаанд орохоор жилд дунджаар 1000 орчим хүн гадаад улсыг зорьдог бөгөөд нэг хүний эмчилгээний зардал 10 орчим сая болдог байна. Харин дотооддоо хямд өртөгтэй, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийн 75 хувийг гаргах боломжтой. Дурангийн хагалгаа нь өвдөлт зовиур бага, эдгэрэлт түргэн бөгөөд орчин үеийн мэс заслын шилдэг технологид тооцогддог.  

Д.Өлзий

Монгол брэнд