Улсын хэмжээнд хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан долоон сумын нэг нь Бөхмөрөн боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-02-07 15:59:02
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Бөхмөрөн сум сум орон нутгийг хөгжүүлэх цогц бодлогын баримт бичигтэй боллоо. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд уг баримт бичгээ боловсруулсан долоон сумын нэг болж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” (MOН 16/301) төслийн хүрээнд “Газрын нэгдсэн мэдээллийн сан байгуулах, газар ашиглалтын төлөвлөгөөг аймгийн болон сумын түвшинд боловсронгуй болгох” зөвлөх үйлчилгээний ажлыг “Вектор Мэп” ХХК гэрээ байгуулан уг ажлыг гүйцэтгэсэн байна. 

Төсөл хэрэгжиж буй Увс аймгийн Бөхмөрөн сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын гадаргуу, газар ашиглалт, хүрээлэн буй орчин, инженер геологи, нийгэм, эдийн засгийн мэдээллийн сан байгуулах, газар болон байгалийн нөөц нөхцлийг зүй зохистой ашиглах боломж, газрын тохиромжтой байдлын үнэлгээн дээр суурилсан, нутаг дэвсгэрийн цаашдын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад чиглэсэн чухал ажил болжээ. Энэхүү судалгааны ажил нь тухайн сумын удирдлагуудын өдөр тутам ашиглах чухал баримт бөгөөд зөвхөн орон нутгийн удирдлага төдийгүй, үйл ажиллагаа эрхлэх гэж буй иргэд, аж ахуйн нэгж, ТББ, төсөл хөтөлбөр, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэмэр болох томоохон баримт бичиг юм байна.
Уг төслийн зүгээс аймгийн ЗДТГ-тай хамтран 2018 онд Увс аймгийн Ховд, Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахаар зорилт тавин ажиллаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ