top banner

Ц.Даваасүрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ТЭЗҮ-г Европын сэргээн босголтын банктай хамтарч хийнэ


2018-02-07 13:13:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд энэ онд Засгийн газраас ямар бодлого барьж ажиллах вэ?
-Сэргээгдэх эрчим хүчинд үүсээд буй хоёр л асуудал байна. Нэгдүгээрт, үнэ тарифын асуудал. Үнэ тарифыг буулгахгүй бол сэргээгдэх эрчим хүчний тарифыг иргэд, аж ахуй нэгжүүд нуруундаа үүрдэг.
Үүнийг буулгахын тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх санал оруулж байна. Цаашид өрсөлдөөнт байдлаар үнэ тарифыг нь буулгана. Одоо  нэг квт цагт 300-400 төгрөг төлдөг бол ДЦС-д 150 төгрөг төлж байгаа. Хоёрдугаарт, эрчим хүчний өөрийн зохицуулалт, тогтвортой байдлын асуудал байна. Жишээлбэл, нарны станц өдөрт 100 мВт-ыг үйлдвэрлэдэг. Зургаан цагаас хойшхи оргил ачааллын үеэр наргүй болчихдог учраас үйлдвэрлэлээ явуулж чадахгүй байна. Иймэрхүү хүндрэлүүд гарч буй учир зохицуулах шаардлагатай асуудлууд бий. Эрчим хүчний системийн тогтвортой байдалд нар, салхины станцууд тодорхой хэмжээний сөрөг нөлөөллүүд гардаг. Үүнийг зохицуулах дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай. Зарим оронд хуримтлалын технологи ашиглах болсон. Усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчинд бид түлхүү анхаарал хандуулж байгаа. Энд хүндрэл гарах нь бага. Үүнийг бид дэмжих ёстой. Манай улсын эрчим хүчний бие даасан тогтвортой байдлыг хангахад усан цахилгаан станц хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Европын сэргээн босголтын банктай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-г хийх чиглэлд хамтран ажиллахаар тохирсон. Үүний дараа Ховд голыг түшиглэж усан цахилгаан станц барих хөрөнгийг олох ажлыг  хийнэ. Мөн Эгийн голын дэргэд усан цахилгаан станц барих асуудлыг ярьж байгаа.

-Усан цахилгаан станцыг барихад хэр хэмжээний хөрөнгө орох вэ? Эргээд мөн хэр хэмжээний зардал хэмнэх юм бол? Энэ талаар тооцоо, судалгаа хийсэн үү?
-Нар, салхины цахилгаан станц явуулах зөвшөөрлөөр 1300 мегаватт үйлдвэрлэж байгаа. Гэтэл манай улсын суурилагдсан хүчин чадал хэрэглээ 1000 мегаватт байгаа юм. Хэзээ ч нар, салхиар цахилгаанаа 100 хувь хангана гэж байдаггүй. Гэтэл ийм зөвшөөрлийг өгсөн нь бодлогын алдаа юм. Үүнийг зохицуулахад хүндрэл тулгараад байна. Жишээ нь энэ жил нарны 100 мегаваттай цахилгаан станц барина. Гэтэл нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувь байх ёстой нь хэтрээд явчихаж байгаа юм. Учир нь нарны цахилгаан станцын хүрээнд 600, 700 мВт-ын эрх өгчихсөн байна шүү дээ.

-Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлыг хэлэлцсэн. Тэгээд Засгийн газар “Стандарт” банкинд 99 сая доллар төлөхөөр болсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Засгийн газар тэр өрийг төлөхгүй. “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргасан нь бодитой юу, үгүй юу гэдэг яриа байгаа. Ер нь нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол “Эрдэнэт” үйлдвэр хуулийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээгээд шийдээд явах ёстой. Мөн “Эрдэнэт”-ийг барьцааж баталгаа гаргуулсан хүмүүс хариуцлага хүлээж  хохирлыг барагдуулах асуудлыг ярих ёстой.
 
Н.Туяа

Сурталчилгаа
Монгол брэнд